Канад Улсын Элчин сайд Сандра Шуфани МОНЦАМЭ агентлагт зочиллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
batbold.sh@montsame.gov.mn
2023-12-06 16:12:27
@ShoovdorBatbold

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/.Канад Улсаас Монгол Улсад  суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сандра Шуфани 2023 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагт зочиллоо. 


МОНЦАМЭ агентлагийн дарга Э.Содонтогос Элчин сайд Сандра Шуфани-г хүлээн авч уулзаж, шинэ ажилд нь амжилт хүсээд, агентлагийн үйл ажиллагаа, цаашдын зорилго зорилтыг танилцуулав. Мөн Канад Улсыг Монголд, Монгол Улсыг Канадад сурталчлах, Канадын иргэдэд Монголын тухай мэдлэг, мэдээлэл түгээх, таниулахад хамтарч ажиллах талаар ярилцлаа. 


Элчин сайд С.Шуфани, “Монголд ирэх сайхан байлаа. Монгол, Канад хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлж, шинэ шатанд гаргахын төлөө ажиллана. Мөн уул уурхайн салбар дахь эрчим хүчний хангамж, хог хаягдлыг дахин боловсруулах менежментийн чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаа” гэв.  


МОНЦАМЭ агентлаг гадаадын хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч байгаа бөгөөд Канадын CBC мэдээллийн агентлагтай харилцаа тогтоож, хамтран ажиллах сонирхолтой байгаагаа уулзалтын үеэр МОНЦАМЭ агентлагийн дарга Э.Содонтогос илэрхийлэв. Түүнчлэн жил бүрийн гуравдугаар сард Канадад болдог дэлхийн уул уурхайн салбарын хайгуул, олборлогчдын PDAC чуулга уулзалтыг 2024 онд жил газар дээрээс нь сурвалжлахаар төлөвлөж байгааг дуулгалаа. Мөн цаашид сэтгүүлчдийг хөгжүүлэх, мэдлэг, чадавхыг нь дээшлүүлэх, сургалтад хамруулах чиглэлд хамтарч, сэтгүүлчдэд зориулсан сургалтыг хамтран зохион байгуулах хүсэлтээ илэрхийллээ. 


Канад Улсын Элчин сайд Сандра Шуфани Канадын CBC мэдээллийн агентлагтай харилцаа тогтооход дэмжлэг үзүүлж, хамтарч ажиллахаа илэрхийллээ. 




Холбоотой мэдээ