Зүүн бүсийн эрчим хүчний эх үүсвэр ирэх оны эхний улиралд 50 МВт-аар нэмэгдэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-12-06 16:16:19

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. “Чойбалсангийн дулааны цахилгаан станц” ТӨХК-ийг 50 мегаватт /МВт/-аар өргөтгөх төслийн барилга угсралтын ажил үргэлжилж, шаардлагатай тоног төхөөрөмжийг буулгаад байна.


Өргөтгөл ашиглалтад орсноор 100 орчим байнгын ажлын байр нэмэгдэхээс гадна төсөл хэрэгжих хугацаанд инженер техникийн ажилчдыг давхар бэлдэх, ур чадварыг сайжруулах зэрэг хүний нөөцийн чиглэлд давхар анхаарч байгаа аж. Одоогоор төслийн гүйцэтгэл 92 хувьтай байгаа, үлдсэн ажлыг ирэх оны эхний улиралд дуусгаж, сүлжээнд залгах төлөвлөгөөний дагуу ажиллаж байна. Өргөтгөлийн барилга угсралтыг БНХАУ-ын “TBEA” ХХК гүйцэтгэж байна. Төслийн талбайд одоогоор 300 орчим Монгол, Хятад, Вьетнам ажилтан уртасгасан цагаар ажиллаж байгаа юм.


Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай “Монгол Улсын зүүн бүс нутагт ач холбогдолтой төсөл хэрэгжсэнээр уул уурхай, ашигт малтмал, аж үйлдвэрлэл болон орон нутгийн хөгжилд ахиц гарна. Төсөл хэрэгжих хугацаанд цар тахлын хөл хорио зэрэг бэрхшээл тулгарсан ч ажил зогсолгүй үргэлжилж, гэрээний хугацаанд сүлжээнд залгахаар ажиллаж байгаад талархаж байна.  Төслийг төлөвлөсөн хугацаанд нь дуусгахад дэмжиж ажиллана” гээд, туршилтууд хийж, сүлжээнд залгах үеийн төлөвлөгөөг нарийн боловсруулж батлуулахыг даалгасныг ЭХЯ мэдээллээ.

Холбоотой мэдээ