ӨВӨРХАНГАЙ: Төгрөг сумын сургуулийнхан "Хүмүүн бичиг" сониныг тогтмол захиалан уншиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-12-06 21:20:26

Арвайхээр, 2023 оны арванхоёрдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн Төгрөг сумын ерөнхий боловсролын сургуулийн хамт олон үндэсний бичгээ түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, өв соёлыг хойч үедээ өвлүүлэх үйлийг дэмжин ажиллаж байна.


Монгол бичгийн үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хэлний бодлогын зөвлөлийн багаараа болон багш, ажилтнуудаараа МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг "Хүмүүн бичиг" сониныг захиалан уншиж, хичээл сургалтдаа тогтмол ашиглан үндэсний бичгийн чадвараа ахиулахын зэрэгцээ хайрлан хамгаалах, сурталчлах үйлсэд хувь нэмрээ оруулж байгаа юм.


Үүний үр дүнд “Үндэсний өв соёлоо тээгч, түгээгч”, “Эх хэл эрдмийн түлхүүр” зэрэг уралдаанд тус сургуулийн багш, сурагчид аймаг, орон нутгаас зохион байгуулсан үндэсний бичгийн уралдаанд тогтмол амжилттай оролцож байна. 2023 онд анги нийтийн олимпиадад С.Цогзолмаа багштай 10а анги 3-р зэрэг, Н.Бямбадолгор багштай 8б анги 3-р зэрэг авлаа.


Монгол Улсын баатар Л.Аюушийн нэрэмжит Төгрөг сумын ерөнхий боловсролын сургууль нь 1940 онд үүсэн байгуулагдсан бөгөөд энэ жил 483 сурагч, 60 багш, ажилтны бүрэлдэхүүнтэйгээр боловсролын үйл ажиллагаагаа явуулж байна.

Холбоотой мэдээ