ЗАВХАН: Тосонцэнгэл сум 43.4 мянган толгой малыг зах зээлд борлуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-12-07 13:20:03

Улиастай, 2023 оны арванхоёрдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Тосонцэнгэл сумын 42 өрхийн 8.2 мянган мал Архангай, Хөвсгөл, Булган, Төв аймгийн зарим суманд отороор өвөлжиж байна.


Тосонцэнгэл сум нь Завхан аймгийн хамгийн олон хүн амтай төдийгүй, олон малтай сумдын нэг. Өнгөрсөн онд нийт 199.4 мянган толгой мал тоолуулж 66,6 мянган толгой төл хүлээн авчээ. Харин 61.2 мянган малыг нядалж нөөцөлж, хүнсэнд хэрэглэсэн бөгөөд 43.4 мянган толгой малыг зах зээлд борлуулсан байна.  


Аймгийн нийт газар нутгийн 100 хувьд цасан бүрхүүл тогтсон, цасны зузаан 2-30 см байна. Зудын эрсдэлтэй байгаа 9 сумын нэг нь Тосонцэнгэл юм. Өвөлжилт хүндэрч зудын нөхцөл байдал үүссэнтэй холбоотой малчид оторлон өвөлжих боломжтой нутгууд руу явж эхэлсэн.


Хамгийн олон өрх айл буюу 11 өрхийн 5.6 мянган мал Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд оторлож байгаатай холбоотой сумын ИТХ-ын дарга, Засаг даргаар ахлуулсан ажлын баг Хөвсгөл аймгийн Засаг дарга, Цагаан-Уул сумын Засаг дарга нартай мэдээлэл хийж, төрийн үйлчилгээг малчдад хүртээмжтэй хүргэх талаар ярилцаж тохиролцсон байна.


Энэ үеэр Цагаан-Уул сумын баруун хойд зүг буюу Зостын гол багт 600-700 адуу отроор өвөлжүүлэхээр боллоо.

2023-2024 оны өвөл, хавар тус сумын 624 өрхийн 161.5 мянган толгой мал өвөлжиж хаваржина. Өнөөдрийн байдлаар Төв, Булган, Архангай, Хөвсгөл аймагт 25 галын 42 өрхийн 8.2 мянган мал отроор өвөлжиж байна. Сумын малчид, мал бүхий иргэд байгалийн хадлан 765 тн, хужир 52 тн, гар тэжээл 1 тонныг тус тус бэлтгэсэн байна.


Энэ жил 43.4 мянган толгой буюу адуу, үхэр, хонь, ямааг нядалж зах зээлд худалдан борлуулсан гэж Тосонцэнгэл сумын ЗДТГ-ын Хөдөө аж ахуйн тасгийн дарга Б.Отгонсүрэн мэдээлэв.  

Холбоотой мэдээ