Рембрандтын зураг 14 сая орчим доллароор зарагджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2023-12-08 09:57:52

ЛОНДОН, 2023 оны арванхоёрдугаар сарын 7 /Independent/. Нидерландын нэрт зураач Рембрандтын “Adoration Of The Kings” гэдэг нэртэй бүтээл Лондон хотноо болсон дуудлага худалдаагаар 11 сая фунт стерлингийн үнэ хүрч /13.8 сая ам.доллар/ зарагджээ.


Дуудлага худалдааны Sotheby's ордноос мэдээлснээр, сүүлийн хэдэн арван жилд зарагдсан алдарт зураачийн цөөн бүтээлийн нэгд тооцогдож буй тус зурагт Есүс, Мариа, Иосеф нартай уулзаж буй гурван хааныг дүрсэлжээ. 


Хоёр жилийн өмнө уг бүтээл Амстердам дахь “Christie’s” ордонд болсон дуудлага худалдаагаар 730 мянга гаруй фунт стерлингээр зарагдаж байсан юм. Тухайн үед тус ордныхон Рембрандтын шавь юм уу түүний дотны зураач зурсан хэмээн таамаглаж, 10-15 мянган еврогоор үнэлж байжээ. 


Нэрээ нууцалсан худалдан авагч уг бүтээлийг “Sotheby's” ордон руу илгээсний дараа ордны мэргэжилтнүүд зургийн жинхэнэ зураач, үнэ цэнийг нь тогтоохын тулд 18 сар үргэлжилсэн судалгааны төслийг эхлүүлж, Рембрандтын бүтээл болохыг тогтоожээ. Рембрандт уг зургийг уран бүтээлийнхээ эхэн үед буюу 1628 онд Нидерландын Лейден хотод амьдарч байх үедээ 22 орчим настай байхдаа зурсан гэж шинжээчид дүгнэсэн байна.

Холбоотой мэдээ