Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4,3 тэрбум ам.долларт хүрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-12-13 14:57:52

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын өнгөрсөн оны аравдугаар сарын 362 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцыг Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулжээ.


Засгийн газрын тогтоолын хүрээнд экспорт, тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, гааль, татварын автомат бүрдүүлэлтийн систем бий болгох, хяналтыг сайжруулах, уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тогтолцоог нэвтрүүлэх чиглэлээр цогц арга хэмжээг авч хэрэгжүүлж тодорхой үр дүнд хүрсэн байна. Экспорт энэ оны эхний 11 сарын байдлаар 13.8 тэрбум ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 2.7 тэрбум ам.доллароор нэмэгджээ. Түүнчлэн нүүрсний экспортын биет хэмжээ түүхэн дээд түвшин буюу 62.7 сая тоннд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 35 сая тонноор өссөн байна. Ашигт малтмалыг нээлттэй борлуулах хүрээнд уул уурхайн биржийн тогтолцоог нэвтрүүлж, эхний 11 сарын байдлаар 11.5 сая тонн нүүрс, 552 мянган тонн төмрийн хүдэр, баяжмалыг тус тус нээлттэй арилжаалжээ.


Улмаар Монгол Улсын гадаад валютын албан нөөц энэ оны арваннэгдүгээр сарын эцсийн байдлаар 4,3 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 1.4 тэрбум ам.доллароор өссөн байна. Цаашид Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангуулах, эдийн засгийн өсөлтийг дэмжих хүрээнд авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээнүүдийн талаар танилцуулжээ.

Холбоотой мэдээ