Далайн хөдөлмөрийн тухай конвенцид оруулсан нэмэлт өөрчлөлтийг соёрхон батлах хуулийн төслийг хэлэлцэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-12-14 16:40:39

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Далайн хөдөлмөрийн тухай 2006 оны конвенцид 2016, 2018 онд оруулсан нэмэлт өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв.


Төслийн талаар Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Энхболд тус тус танилцууллаа. Монгол Улс нь Олон улсын хөдөлмөрийн байгууллагад 1968 онд гишүүнээр элсэн орсон. Манай улс Далайн хөдөлмөрийн тухай 2006 оны конвенцод 2014 онд нэгдэн орсныг, энэхүү конвенцод 2014 онд оруулсан нэмэлт өөрчлөлтийг УИХ 2019 онд тус тус соёрхон баталсан юм. Швейцарь Улсын нийслэл Женев хотноо 2016, 2018 онд зохион байгуулсан Олон улсын хөдөлмөрийн байгууллагын бага хурлаар тус конвенцод нэмэлт өөрчлөлт оруулсан бөгөөд одоогоор нийт 90 гаруй улс энэхүү нэмэлт өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөөд байгаа аж.


Энэхүү нэмэлт өөрчлөлтөөр далайчдын эрхийг хамгаалах үүднээс хөлөг онгоц дээрх ялгаварлан гадуурхалт болон дарамтыг багасгах, далайн дээрэм болон хөлөг онгоцны эсрэг зэвсэглэсэн дээрэм тонуул гэсэн нэр томьёог шинээр тусгаж тус нөхцөл байдлын улмаас олзлогдсон үеийн далайчны хөдөлмөрийн гэрээний зохицуулалтыг нэмсэн юм. Далайн хөдөлмөрийн тухай 2006 оны конвенцод 2016, 2018 онд оруулсан нэмэлт өөрчлөлтийг соёрхон баталснаар Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэгдсэн хөлөг онгоц дээр ажиллаж буй далайчны хөдөлмөрлөх эрхийг хангах, хөлөг онгоц эзэмшигчийн зүгээс далайчинтай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн хариуцлагыг өндөржүүлэх ач холбогдолтой.


Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо энэ сарын 12-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд, хуулийн төслийг эцэслэн батлуулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болохыг Н.Энхболд гишүүн танилцуулав. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Н.Энхболд өнөөдрийн байдлаар Монгол Улсын далбаатай хэдэн онгоц, хэдэн далайчин байгаа талаар болон конвенцод нэгдсэн орсон гишүүн орон бүр далайчны хөдөлмөрийн гэрээг түүний хүчинтэй хугацаа дууссаныг харгалзахгүйгээр ямар нэгэн халдлагад өртсөн тохиолдолд хүчинтэй хэвээр байлгахыг шаардана гэж заасан байгаа тул энэ хариуцлагыг хэн хүлээх талаар, манай улсын далбаа бүхий хөлөг онгоц далайн дээрэмчдийн халдлага, хүчирхийлэлд өртөж байсан эсэх, холбогдох эрх зүйн зохицуулалт, хариуцлагын талаар ажлын хэсгээс асуусан болохыг санал дүгнэлтэд дурджээ. Мөн тэрбээр БНХАУ-ын Тяньжинь хотод байгаа манай улсын мэдлийн 10 га газрыг боомтын зориулалтаар ашиглах асуудал удаашралтай явж ирсэн тул энэ талаар ямар бодлого баримталж байгааг Зам, тээврийн сайд С.Бямбацогтоос тодруулан асуугаад, цаашид энэ газрыг үр дүнтэй ашиглах асуудлыг судалж шийдвэрлэх нь зүйтэй талаар үг хэлсэн байна. УИХ-ын гишүүн Х.Баделхан Монгол Улсын далбаатай, бүртгэлтэй хөлөг онгоцны ямар асуудлыг манай улс хариуцдаг, хэрхэн хяналт тавьдаг тухай болон улсын төсөвт төвлөрүүлдэг нийт ашиг, Далайн захиргааны байгууллагын жилийн төсөв, бүтэц, орон тооны талаар асуулт асууж, хариулт авсан хэмээн Н.Энхболд гишүүн нэгдсэн хуралдаанд танилцууллаа.  


Хуулийн төслийн талаарх танилцуулга, байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн юм. Тус төслийг эцэслэн батлах санал хураалтыг маргааш явуулна.

Холбоотой мэдээ