БАЯНХОНГОР: “Архигүй шинэ жил" зохион байгуулахыг уриаллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-12-18 19:42:27

Баянхонгор, 2023 оны арванхоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймагт энэ оны эхний 11 сард согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 107, зөрчил 1512 бүртгэгдэж өмнөх оны мөн үеэс гэмт хэрэг З.6 хувиар, зөрчил 15 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.


Энэ онд Баянхонгор аймгийн Цагдаагийн газар согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, архины хор уршгийг олон нийтэд сурталчлах чиглэлээр “Намайг алгас", “Зөвийг зөвлөе", "Та татгалз 1, 2" зэрэг мэдээлэл сурталчилгаа, ухуулга нөлөөллийн үйл ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулж ажиллажээ. Энэ хүрээнд төрийн байгууллагын дарга, эрхлэгч нар хандан "Та татгалз" арга хэмжээг дэмжин “Архигүй шинэ жил" уриатайгаар баярын үйл ажиллагаагаа зохион байгуулахыг уриаллаа.


Тус газраас Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 43 дугаар зарлигт тусгагдсан архи согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, хорт зуршлаас ангид шинэ үеийг төлөвшүүлэх, согтууруулах ундааны хор уршиг, сөрөг нөлөөг сурталчлан таниулах зорилгоор улсын хэмжээнд тус үйл ажиллагааг зохион байгуулж байгаа аж.


Иргэдийн согтууруулах ундааны зохисгүй хэрэглээг багасгах, согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчил, дуудлага, мэдээллийн тоог бууруулах, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр төрийн байгууллагуудын гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор байгууллага, хамт олны шинэ жилийн баярыг архи согтууруулах ундаагүйгээр тэмдэглэн өнгөрүүлэх уриалгыг аймгийн нийт байгууллагад хүргүүлээд байгаа аж.

Холбоотой мэдээ