Украин улс 10 сая тонн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспортолжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
odondarjaa@montsame.gov.mn
2023-12-20 16:17:37

КИЕВ, 2023 оны арванхоёрдугаар сарын 20 /VoA/.  Хар тэнгис дэх өөр боломжит чиглэлийг ашиглан Украин улс 10 сая тонн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг дэлхийн 24 оронд экспортолсон тухай тус улсын Шадар сайдын орлогч Александр Кубраков мягмар гарагт мэдэгджээ.


Украины үр тариаг аюулгүйгээр тээвэрлэхийн тулд НҮБ-ын зуучлалаар байгуулсан “Хар тэнгисийн үр тарианы санаачилга”-аас ОХУ өнгөрсөн долоодугаар сард гарсны дараа Украины тал Хар тэнгисийн баруун эргийн дагуух шинэ маршрутыг сонгожээ.


"Бид энэ маршрутыг ашиглаж эхэлсэн эхний сард 278 мянган тонн байсан бүтээгдэхүүний эргэлтийг бараг 5 сая тонн хүртэл нэмэгдүүлж чадсан" гэж А.Кубраков олон нийтийн X сүлжээнд бичсэн байна.


Украины Эдийн засгийн сайд Юлия Свириденкогийн хэлснээр, Орос улс тэнгисийн боомтуудыг хаасны улмаас экспортын бараа бүтээгдэхүүний хэмжээ 2023 оны 11 сарын байдлаар өнгөрсөн оны мөн үеийнхээс 19.3 хувиар буурсан байна. Гэсэн хэдий ч хөлөг онгоцны даатгалын механизм болон Хар тэнгисийн шинэ маршрут ашигласнаар усан замын экспорт 11 дүгээр сард 10 дугаар сарынхаас 70 хувиар өсжээ. 

 

Шинэ маршрут ба даатгалын механизмыг үргэлжлүүлэн ашиглаж чадваас Украины экспорт 2024 онд 9 хувь, 2025 онд 19.4 хувь, 2026 онд 20.6 хувиар тус тус өсөх боломжтой гэж тооцоолсон байна. 

 




 

 

Холбоотой мэдээ