Хууль сахиулах салбарын тулгамдсан асуудалд олон улсын эрдэмтэд зөвлөмж өгнө

Монголын мэдээ | Хууль
dotood_editor@montsame.mn
2016-09-26 13:58:04

“Хууль сахиулах үйл ажиллагаа: Онол, практикийн тулгамдсан асуудал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд дэлхийн 10 гаруй орны 30 гаруй эрдэмтэн оролцож илтгэл хэлэлцүүлэх аж.

Энэ сарын 29-30-нд Улаанбаатар хотноо болох хурлын талаар ХСИС-ийн Эрдэм шинжилгээ, хөгжлийн хүрээлэнгийн захирал М.Эрдэнэбаяр, ХСИС-ийн Эрдэм шинжилгээ, хөгжлийн хүрээлэнгийн цагдаа судлалын төвийн эрхлэгч, цагдаагийн хошууч Б.Энхболд нар өнөөдөр мэдээлэл хийв. 

ХСИС, УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сан хамтран зургаа дахь жилдээ уг хурлыг хийж байна. 

“Хууль сахиулах үйл ажиллагаа ба аюулгүй байдал”, “Хууль сахиулах үйл ажиллагаа ба хүний эрх”, “Хууль сахиулах салбарын инноваци ба боловсрол”, “Гэмт хэрэгтэй тэмцэхэд тулгамдаж буй асуудал” зэрэг дөрвөн салбарт 30 гаруй илтгэл хэлэлцүүлнэ. Хурлын эхний өдөр ХБНГУ, ОХУ, Монгол улсын эрдэмтэд зургаан гол илтгэл тавьж хэлэлцүүлнэ.

ХСИС-ийн Эрдэм шинжилгээ, хөгжлийн хүрээлэнгийн цагдаа судлалын төвийн эрхлэгч, цагдаагийн хошууч Б.Энхболд “Энэхүү хурлаар хэлэлцүүлсэн асуудлын үр дүнг тухайн салбарын байгуулагуудад зөвлөмж болгон хүргүүлнэ. Өнгөрөгч таван хурлаас 35 зөвлөмж гарсан бөгөөд 75 хувийн хэрэгжилттэй байна” гэлээ.

Олон улсын эрдэмтэн судлаачдаас ирүүлсэн 90 гаруй илтгэлийг эмхэтгэл болгон оролцогчид болон салбарын байгууллагуудад тараахаар болжээ.

Г.Даваамаа

Зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ