БАЯНХОНГОР: 150 малчин өрхөд мөнгөн тусламж хүргүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-12-27 13:28:05

Баянхонгор, 2023 оны арванхоёрдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Дэлхийн Зөн Монгол Олон Улсын байгууллагын “Гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ” төсөл Баянхонгор аймагт амжилттай хэрэгжин өнгөрсөн сард төслийн хаалтын үйл ажиллагааг Баянхонгор аймгийн төвд зохион байгуулсан. Энэ сарын  20-ны “Зудын эрсдэл”-ийн зургаар нийт нутгийн 90 хувьд их (57 хувь нэн их, 23 хувь их), 10 хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй гэсэн дүн гарсан тул Дэлхийн Зөн Монгол Олон Улсын байгууллагын “Гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ” төслөөс дахин Гурванбулаг, Баянбулаг сумын нийт 150 өрх тус бүрт 376.420 төгрөгийн бэлэн мөнгөний дэмжлэг хүргэхээр болжээ. Дээрх өрхүүдийг оны эхэнд сонгохдоо төслийн шалгуурт нийцүүлэн сумын ажлын хэсгээр хэлэлцэн зорилтот өрхийг сонгосон бөгөөд шинэ оны босгон дээр мөнгөн тусламжийг саяхан малчдын дансанд шилжүүлсэн байна.



Сүүлийн жилүүдэд Баянхонгор аймгийн төдийгүй Монгол Улсын хэмжээнд уур амьсгалын өөрчлөлт ихээр нөлөөлж, бэлчээрийн даац олон дахин хэтэрч  бэлчээр нутгийн 70 орчим хувь ямар нэг хэмжээгээр доройтсон гэсэн судалгаа гарсан. Дэлхийн Зөн Монгол Олон Улсын байгууллагаас 2023 оны нэгдүгээр сард зудын эрсдэл өндөр аймгаар Баянхонгор аймгийг сонгон авч, түүн дотроо зудын эрсдэл өндөр бүхий Баянбулаг, Гурванбулаг сумдын зорилтот бүлгийн айл өрхүүдийг сонгон тус бүр 330.000 төгрөгийн өртөг бүхий хүнс, ахуйн хэрэгслийн багцын тусламжийг 150 өрхөд, Галуут, Жаргалант, Заг, Эрдэнэцогт сумдын зорилтот бүлгийн 200 өрхөд мөн тус бүр 300.000 төгрөгийн бэлэн мөнгөний тусламжийг хүргэж байжээ.


Түүнчлэн  “Гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ” төсөл болон орон нутгийн хамтарсан санхүүжилтээр Баянхонгор аймагт болзошгүй гэнэтийн аюул, байгалийн гамшиг, ган, зуд, эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд ашиглах малын өвс тэжээлийн саравч шинээр барьж ашиглалтад оруулсан байна. Өвс, тэжээл хадгалах саравч нь ган, зуд тохиолдох, өвөлжилтийн байдал хүндрэх үед Баянхонгор аймгийн 20 сумын 13 мянга гаруй малчин өрх, 37 мянган малыг өвс, тэжээлээр хангах нөөцийн газрын хадгалалт, хамгаалалтын нөхцөл байдлыг сайжруулж байгаа ач холбогдолтой.




Холбоотой мэдээ