Орон нутгийн нислэгийг "Буянт-Ухаа" ОУНБ руу шилжүүлэх талаар санал солилцов
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын есөн /МОНЦАМЭ/. Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт “Улаанбаатар Олон улсын шинэ нисэх буудал” ХХК-ийн гүйцэтгэх захирал Китанака Такефумитэй уулзаж, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадлыг сайжруулж нэмэх, орон нутгийн нислэгийг Буянт-Ухаа нисэх буудал руу шилжүүлэх талаар санал солилцов.
Сайд С.Бямбацогт, “Чингис хаан ОУНБ бол Монгол, Япон улсын харилцааны бэлгэ тэмдэг. Иргэдээс бүртгэлийн цэг цөөн, зорчигчдын ачаа, тээш хүлээгддэг санал, гомдол их ирж байна. Бид энэ онд 2 сая 200 мянган зорчигч хүлээж авахаар төлөвлөөд байгаа тул бүртгэлийн цэгийг нэмж, ачаа тээшийг түргэн хугацаанд нэвтрүүлж, хүндрэл, чирэгдэл бага байлгах шаардлага тулгарч байна. Мөн орон нутагт гурван чиглэлд нислэг үйлдэж байсныг өнгөрсөн 7 дугаар сараас ес болгосон. Орон нутгийн нислэгээр ахмадууд, нярай, бага насны хүүхэдтэй эхчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хамгийн их үйлчлүүлдэг. Иймд “Чингис хаан” ОУНБ иргэдийнхээ эрх ашиг, ая тухыг хангаж, орон нутгийн нислэгээ “Буянт-Ухаа” буудал руу шилжүүлэх саналтай байна. Ингэснээр та бүхэнд эдийн засгийн хохирол учруулахгүй байх бүх арга хэмжээ авна” хэмээв.
“Улаанбаатар
Олон Улсын шинэ нисэх буудал”
ХХК-ийн гүйцэтгэх захирал Китанака Такефуми, “Ачаа тээвэр хүлээн авах туузан дамжуургыг өргөтгөж, зай талбайг
нэмэх тодорхой ажлууд хийсэн. Цаашид ч төлөвлөгөөний дагуу ажиллана. Бүртгэлийн цэг 16 байсныг хоёроор
нэмсэн. Тавдугаар сар гэхэд бүртгэлийн 20 цэгтэй болно. Мөн
орон нутгийн нисэх буудлын бүртгэлийн цэгийг олон улсын нислэгт ашиглах
боломжийг судалж, холбогдох албаныхантай уулзаж байгаа. Үйлчилгээний чанараа
сайжруулж, төр, хувийн
хэвшлийн авиа компанийн бүх хүнийг ажилдаа чин сэтгэлээсээ хандаж,
хариуцлагатай, соёлтой байлгахад анхаарч байна” гэжээ.
Уулзалтын төгсгөлд, хоёр тал цаашид нисэх буудлын хүчин чадлыг нэмэх, орон нутгийн нислэгийг шилжүүлэхэд шаардлагатай арга хэмжээг ойрын хугацаанд авна гэдгийг тохиролцсоныг ЗТХЯ мэдээлжээ.