Монгол, Хятадын цагаан сарын үзэсгэлэн худалдааг 10 мянга гаруй хүн үзэж сонирхжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-01-11 15:10:30

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотноо Монгол, Хятад улсын хамтарсан "Цагаан сарын үзэсгэлэн худалдаа-2024 үргэлжилж байна. Нэгдүгээр сарын 6-нд эхэлсэн тус үзэсэлэн худалдааг 10 мянга гаруй хүн сонирхон иржээ.  


Энд оролцож буй Монгол Улсын 50 гаруй аж ахуйн нэгж, үйлдвэрлэгч нар нэхий, сарлагийн хөөвөр, ноос, ноолууран болон арьс ширэн бүтээгдэхүүнээ дэлгэн эх орны бараа, бүтээгдэхүүн, үндэсний дээл хувцас, гоёл чимэглэл, алт, мөнгө, зэсэн эдлэл, бэлэг дурсгалын зүйлсийг сурталчлан худалдаалж байна. Мөн уургийн зууш зэрэг хүнсний бүтээгдэхүүнтэй оролцож байна.

Монгол Улсын бараа, бүтээгдэхүүнийг мөн тус үзэсгэлэнд оролцож буй ОХУ, Пакистан, Энэтхэг улсын төлөөлөл, зочид төлөөлөгч нар үзэн сонирхон Монголын өв соёл, үндэсний соёлтой танилцжээ.


Тав дахь жилдээ зохион байгуулж буй хоёр орны хамтарсан үзэсгэлэн худалдааг Монголын талаас МҮХАҮТ зохион байгуулж байгаа юм. Үзэсгэлэн худалдааг ирэх жилээс өргөнөөр зохион байгуулж, дотоодын үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, компаниудыг хүртээмжтэй байдлаар хамруулан оролцуулахаа мэдэгдлээ.


Дотоодын үйлдвэрлэгч, импортлогч нарыг Турк улсын Изимир хотод нэгдүгээр сарын 30-наас хоёрдугаар сарын 3 хүртэл зохион байгуулах “Агро Экспо” хөдөө аж ахуйн олон улсын үзэсгэлэн, Арабын нэгдсэн Эмират улсад хоёрдугаар сарын 24-25-нд болох ногоон технологийн “Shetrades innovation festival” фестиваль, БНСУ-д гуравдугаар сарын 14-17-нд болох олон улсын эмнэлэг, эмнэлгийн тоног төхөөрөмжийн “KIMES-2024” зэрэг дараагийн үзэсгэлэн худалдаа, үйл ажиллагаа хүлээж буйг МҮХАҮТ-ын үзэсгэлэн яармагийн газраас мэдээллээ.

Монгол, Хятадын ”Цагаан сарын үзэсгэлэн худалдаа” нэгдүгээр сарын 14-ийг дуустал үргэлжлэх юм. 








Холбоотой мэдээ