Бүсчилсэн хөгжлийн форум зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-01-17 15:29:05

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд “Бүсчилсэн хөгжлийн форум 2024”-ийг маргааш Удирдлагын академд баруун бүсийн урьдчилсан хэлэлцүүлгээр эхлүүлнэ.


Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” хэмээн зарлаад байгаа бөгөөд Монголын эдийн засгийн форум хамтран хоёрдугаар сарын 1, 2-нд "Монголын хөгжлийн форум"-ын хүрээнд "Бүсчилсэн эдийн засгийн форум"-ыг зохион байгуулах юм. Бүсчилсэн форумд аймаг, нийслэлийн холбогдох төрийн албан хаагч, орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийн удирдлагууд, нутгийн өөрөө удирдах байгууллага, улс төрийн нам, эвсэл, мэргэжлийн холбоод, иргэний нийгэм, хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөл оролцоно.



Монгол Улс 2001 онд бүсчилсэн хөгжлийн бодлого боловсруулахдаа 4 бүсэд хувааж байсан бол энэ удаад говь, хангай, зүүн, баруун, төв, хойд гэж 6 бүсэд хуваажээ. Өмнөх бодлогын хүрээнд эрчим хүчний эх үүсвэрүүд бий болгохоос эхлээд, манай улсыг хөндлөн холбосон “Мянганы зам” зэрэг дэд бүтцийн бүтээн байгуулалтыг хийж гүйцэтгэжээ.



Бүсчилсэн хөгжлийн талаарх ойлголт 20 жилийн өмнөхөөс өөрчлөгдөж, уул уурхай, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, газар тариалан, соёлын аж үйлдвэр зэрэг олон ялгаатай бодлогыг уялдуулахад чиглэж байгаа. Монгол Улс ч ийм бодлого барьж, өөрсдийн нөөц, онцлогоор ялгаатай бүсүүдийг хөгжүүлэх зорилготой байгааг ЗГХЭГ-ын даргын зөвлөх Ү.Амарбат мэдээллээ. Тэрбээр, "Хөгжлийн бүсчлэлийг УИХ-ын сонгуулийн тойрогтой уялдуулсан. Улс төрийн намуудын сонгуульд дэвшүүлж буй мөрийн хөтөлбөрүүд нэг нэг аймагт биш бүс рүү чиглэнэ. Бүсээс сонгогдож буй УИХ-ын гишүүд төрийн аливаа шийдвэр гаргахдаа бүсийн бодлого тусгадаг болно. Өнгөрсөн нэг сарын хугацаанд ЭЗХЯ-нд бүс нутгуудыг хэрхэн хөгжүүлэх эдийн засгийн тооцооллууд гаргасан байгаа” хэмээв. 

Холбоотой мэдээ