Олон улсын “А” зэрэглэлийн тэмцээнээс Сэлэнгийн охид хоёр алтан медальтай ирлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭОХУ-ын Чита мужид энэ сарын 21-нээс 25-ны өдрүүдэд болсон Олон улсын залуучуудын боксын тэмцээнд Сэлэнгийн тамирчин Х.Одгэрэл, Б.Удвал нар алтан медаль хүртжээ.
ОХУ-ын Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, Думын гишүүн И.Д.Кобзонагийн нэрэмжит олон улсын “А” зэрэглэлийн энэхүү тэмцээнд ОХУ, Монгол Улс, БНХАУ-ын 30 гаруй багийн тамирчид оролцсон байна. Монгол Улсын Сэлэнгэ аймгаас спортын мастер Г.Ганхуяг дасгалжуулагчтай “Улаан ирвэс” клубын эмэгтэй тамирчид амжилттай оролцоод ирлээ. Уг тэмцээний 75 кг-ийн жинд Сүхбаатар сумын Улсын тэргүүний 12 жилийн 1-р сургуулийн 12-р ангийн сурагч Х.Оюунгэрэл, 60 кг-ийн жинд мөн сургуулийн 12-р ангийн сурагч Б.Удвал нар алтан медаль, 51 кг-ийн жинд Жавхлант сумын ЕББД сургуулийн 10-р ангийн сурагч Т.Есүгэн мөнгөн медаль хүртжээ.
Энэхүү олон улсын “А” зэрэглэлийн тэмцээнд түрүүлсэн дэд мастерууд ОХУ-ын спортын мастерийн болзлыг хангадаг юм байна. Ийнхүү Сэлэнгийн хоёр тамирчин Х.Оюунгэрэл, Б.Удвал нар энэхүү ОХУ-ын спортын мастерийн болзлыг хангасан амжилттай эх орондоо иржээ. Эх орондоо амжилтын ганзага дүүрэн ирсэн боксчин охидоо аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ. Тэрээр цаашдын уралдаан тэмцээндээ амжилт гаргахыг хүсээд хамгийн гол нь эрүүл мэндээ сайтар анхаарахыг захилаа. Мөн уйгагүй хөдөлмөрийн үр шимээр амжилт ирнэ гэдгийг ч зөвлөлөө.
Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг