АНУ-ын аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл хүлээлтээс давж өсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2024-01-18 16:01:01

ВАШИНГТОН, 2024 оны нэгдүгээр сарын 18 /VoA/. АНУ-ын аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн хэмжээ 2023 оны 12 дугаар сар хүртэлх жилийн хугацаанд 1.0 хувиар өссөн тухай тус улсын Төв банкны үүргийг гүйцэтгэгч Холбооны нөөцийн сан мэдээллээ. 


Өнгөрсөн 12 дугаар сард үйлдвэрлэл шинжээчдийн таамаглаж байснаас давж өссөнд боловсруулах болон уул уурхайн салбарын өсөлт нөлөөлжээ. Тодруулбал, үйлдвэрлэлийн хэмжээ 0.1 хувиар өссөн нь 11 дүгээр сарын шинэчилсэн таамгаас бага зэрэг өссөн үзүүлэлт болохыг ХНС-ийн мэдэгдэлд дурджээ. Харин Америкийн эдийн засагчид аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэлийн хэмжээ өсөхгүй гэж таамаглаж байв.


Briefing.com цахим хуудаст мэдээлснээр, 12 дугаар сарын үзүүлэлт бага зэрэг буурна гэж таамаглаж байсан боловч хүлээлтээс давж өссөн байна. Энэ нь боловсруулах аж үйлдвэр, уул уурхайн салбарын үйлдвэрлэлийн хэмжээ өссөнтэй холбоотой бөгөөд нийтийн аж ахуйн салбарын үйлдвэрлэлийн хэмжээ буурсныг нөхжээ.


“Боловсруулах үйлдвэрлэлийн хэмжээ бага зэрэг өсөхөд автомашины үйлдвэрлэл 1.6 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн” гэж “Pantheon Macroeconomics” зөвлөх компанийн ахлах эдийн засагч Киран Клэнси хэллээ. 


Түүний ярьснаар, 10 дугаар сарын сүүлээр Ford, General Motors, Stellantis компаниудын автомашины үйлдвэрүүдийн ажилчдын томоохон ажил хаялт дууссаны дараа автомашины үйлдвэрлэл сэргэжээ. Гэхдээ үйлдвэрлэлийн хэмжээ "ажил хаялтын өмнөх түвшнээс бага зэрэг доогуур хэвээр байгааг" Клэнси дурдав. 

Холбоотой мэдээ