Японыг зорих гадаадын жуулчдын тоо зургаа дахин нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2024-01-18 16:19:58

ТОКИО, 2024 оны нэгдүгээр сарын 18 /OANA/. Японд COVID-19 халдвартай холбоотой зорчих хөдөлгөөний хязгаарлалтыг цуцалсны дараа тус улсыг зорих гадаадын жуулчдын тоо 2023 онд өмнөх оныхоос зургаа дахин нэмэгдэж, 25.07 саяд хүрсний сацуу иений ханш суларснаар жуулчдын зардал 5.29 их наяд иен /36 тэрбум ам.доллар/ буюу түүхэндээ хамгийн өндөр үзүүлэлтэд хүрснийг тус улсын засгийн газраас лхагва гарагт гаргасан тайлан мэдээлэл харууллаа.


Гадаадын жуулчдын зардлын мэдээллийг 2010 оноос эмхэтгэж эхэлснээс хойш энэ үзүүлэлт анх удаа 5 их наяд иений босгыг давснаар коронавирусний цар тахлын дараах эрин үед аялал жуулчлалын салбарыг сэргээхийн тулд Японы Засгийн газраас тавьсан зорилтод хүрчээ. Японы Үндэсний аялал жуулчлалын байгууллагын мэдээллээр, өнгөрсөн онд нийт 25 066 100 жуулчин ирсэн байна. Энэ нь цар тахлын өмнөх үе буюу 2019 оныхоосс 21.4 хувиар бага үзүүлэлт бөгөөд тухайн онд 31.88 сая жуулчин хүлээн авсан нь түүхэн дээд үзүүлэлт болж байв.


Гадаадын жуулчдыг улсаар нь авч үзвэл, Өмнөд Солонгосоос хамгийн олон буюу 6.96 сая жуулчин ирсэн нь 2022 оныхоос зургаа дахин өссөн үзүүлэлт болсон бол Тайваниас 4.20 сая, Хятадаас 2.43 сая, Хонконгоос 2.11 сая жуулчин ирсэн байна. Хятад жуулчдын тоо 2019 онд 9.59 сая байсантай харьцуулахад нэлээд доогуур байсан нь Бээжин зорчих хөдөлгөөний хязгаарлалтыг бусад оронтой харьцуулахад хожуу сулруулж, хоёр улсын хооронд үйлдэх нислэгийн тоо төдийлөн нэмэгдээгүйтэй холбоотой. Харин АНУ-ын жуулчдын тоо 2.05 саяд хүрсэн нь 2022 оныхтой харьцуулахад зургаа дахин өссөн байна.


Японы Аялал жуулчлалын агентлагийн мэдээлснээр, Тайванийн жуулчид хамгийн их буюу 778.6 тэрбум иен зарцуулсан нь жуулчдын нийт зардлын 14.7 хувийг эзэлсэн бол Хятадын жуулчид 759.9 тэрбум иен, Өмнөд Солонгосын жуулчид 744.4 тэрбум иен тус тус зарцуулжээ. Нийт зардлын хамгийн их буюу 34.6 хувийг /1.8 их наяд иен/ орон сууцны зардал эзэлж, үүний араас дэлгүүр хоршоо /1.4 их наяд иен/, хоол хүнсний зардал /1.2 их наяд иен/ бичигдсэн байна. 


“Цар тахлын өмнөх үеийнхтэй харьцуулахад жуулчид байгаль, соёлтой танилцаж, хоол хүнсийг амтлан мэдрэхийн тулд илүү удаан хугацаагаар аялах болсон” гэж Аялал жуулчлалын агентлагийн комиссар Ичиро Такахаши хэвлэлийн бага хурлын үеэр хэллээ. Японоор аялахдаа жуулчдын зарцуулсан дундаж зардлыг тооцоход ойролцоогоор 212 мянган иен байсан бөгөөд испаничууд хамгийн их буюу 342 мянган иен зарцуулсан бол австраличууд, италичууд удаалсан байна. Азиудын дундаас хятадууд ойролцоогоор 320 мянган иен зарцуулжээ


Жуулчдын зардал түүхэн дээд үзүүлэлтэд хүрсэн нь таатай мэдээ боловч Япон улс татваргүй худалдааны тогтолцоог ашиглаж буй жуулчидтай холбоотой асуудлыг шийдэхээр ажиллаж байна. Үүнд ийм барааг тус улсаас гарахаасаа өмнө зарж борлуулан ашиг олдог хүмүүс багтаж байна. Одоогоор Японд зургаан сараас бага хугацаагаар байх жуулчид хэрэглээний татварыг хассан бараа бүтээгдэхүүн худалдан авах боломжтой юм. Гэвч зарим гадаадын иргэн хилээр гарах үед худалдан авсан бараа нь байгаагүй тохиолдлууд гарсан байна. Үүнтэй холбоотойгоор Засгийн газар татвараас чөлөөлөгдөх тогтолцоог шинэчилж, жуулчид татвар багтсан үнэ төлж, худалдан авсан бараагаа Японоос явах үедээ баталгаажуулсны дараа буцаан олголт авах хүсэлт гаргах асуудлыг хэлэлцэж байна.


Өнгөрсөн 12 дугаар сард л гэхэд Японд ирсэн жуулчдын тоо 2.73 саяд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс бараг хоёр дахин нэмэгдсэнээр тухайн сарын түүхэн дээд амжилтыг тогтоосон байна. 2023 оны дөрөвдүгээр сард Япон улс коронавирусний халдварын тархалтыг хязгаарлахын тулд тогтоогоод байсан арга хэмжээнүүдээ цуцалсан нь тус улсыг зорих жуулчдын тоог нэмэгдүүлж, жуулчдын сарын тоон үзүүлэлт 10 дугаар сард анх удаа цар тахлын өмнөх түвшнийг давсан байна. Үүний зэрэгцээ 2023 онд гадаадад аялсан япончуудын тоо өмнөх оны мөн үеийнхээс гурав дахин нэмэгдэж, 9.62 сая болсон нь 2019 оны үзүүлэлтийн тал хувьтай тэнцжээ.

Холбоотой мэдээ