Тээврийн коридор байгуулах тухай хэлэлцээрт оны эцсээр гарын үсэг зурна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГМОСКВА./TASS/. Орос, Хятад хоёр улсыг Монголоор дайруулан холбох тээврийн коридор байгуулах тухай улс хоорондын хэлэлцээрт энэ оны 12 дугаар сард гарын үсэг зурахаар төлөвлөж байна. Энэ тухай “Росавтотранспорт” агентлагийн ерөнхий захирал Алексей Двойных ярьсныг “Известия” сонин уламжилжээ.
“Тээврийн урсгалуудыг хуваарилан шинэ чиглэлд оруулснаар 2020 он хүртэлх хугацаанд тээвэрлэх ачааны хэмжээ жил бүр 17-20 хувиар нэмэгдэнэ гэсэн урьдчилсан тооцоо бий. Цаашдаа жил бүр 10 хувиар нэмэгдэх байх. Энэ хэмжээ нь Орос-Хятадын гадаад худалдааны жил тутмын өсөлттэй дүйцэж байгаа юм” гэж А.Двойных дурдлаа.
Тээврийн шинэ коридор байгуулснаар Хятадын өмнөд нутгаас ОХУ-ын нутгийн Европын хэсэг хүрэх зам 1400 км-ээр дөт болж, тээвэрлэлт хийх хугацаа дөрөв хоног болж богиносох юм. Шинээр байгуулах гэрээний дагуу, Оросын тээврийн компаниуд Хятадын нутгийн гүнд хүртэл ачаа тээвэрлэдэг болно.
“Росавтотранс” агентлагийн мэдээлснээр, 2016 оны эхний найман сарын хугацаанд автомашинаар тээвэрлэсэн ачааны хэмжээ 1,9 сая тонн-оос давсан байна.
Энэ оны 6 дугаар сард ОХУ, Хятад, Монголын удирдагчид гурван талын уулзалт хийж, эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг баталсан билээ.
Б.Адъяахүү