ДАВОС. 2024 оны нэгдүгээр сарын 20 /Anadolu/. Швейцарын Давос хотноо болсон Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын хамгийн халуун сэдэв нь хиймэл оюун ухаан байлаа. Улс төрчид, бизнесийн салбарын төлөөлөгчид хиймэл оюун ухаантай холбоотой эрсдэл, боломжуудын талаар идэвхтэй санал солилцлоо.
Тус чуулганаас гаргасан 2024 оны дэлхийн эрсдэлийн тайланд, энэ онд эн тэргүүнд амьжиргааны өртгийн хямрал үргэлжилж буйд, түүнчлэн хиймэл оюун ухааны хэрэглээтэй холбоотойгоор буруу ташаа болон худал мэдээлэл тархах эрсдэлүүд, мөн нийгмийн туйлшрал зэрэгт санаа зовниж буйг онцолжээ.
Хиймэл оюун ухааны технологи нь хүн төрөлхтний оршин тогтнолд ямар хохирол учруулж болзошгүйг харгалзан "сайн сайхны төлөөх хүч" мөн үү гэсэн цорын ганц асуулт Давосын чуулга уулзалтад оролцогчдын санааг зовоож байв.
Хиймэл оюун ухаан бидний ажлын байрыг булаах уу?
Давосын ДЭЗЧУ-ын үеэр болсон дээд хэмжээний уулзалтуудын үеэр албан тушаалтнууд, улс төрчид хиймэл оюун ухааныг ирээдүйд хэрхэн үр бүтээлтэй ашиглах талаар ярилцаж, энэ технологи нь ажил эрхлэлтийн ирээдүйг хэрхэн өөрчилж болох тухайд санаа зовж буйгаа илэрхийлж байлаа.
Олон улсын валютын сангийн (ОУВС) ерөнхийлөгч Кристалина Георгиева хэлэхдээ, хиймэл оюун ухаан дэлхийн нийт ажлын байрны 40 орчим хувьд нөлөөлж, тэгш бус байдлыг улам гааруулна гэдгийг анхаарууллаа.
Тэрбээр бодлого боловсруулагчдад хандан энэхүү түгшүүртэй чиг хандлагатай тэмцэж, шинэ технологи нь нийгмийн хурцадмал байдлыг улам даамжруулахаас сэргийлэхийн тулд дорвитой алхам хийхийг уриалав.
Харин хиймэл оюун ухааны технологиор дэлхийд тэргүүлэгч компаниудын нэг болох OpenAI-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Сэм Альтман эсрэгээрээ ажлын байр одоогоор эрсдэлд ороогүй байна гэж мэдэгджээ.
Альтман Давост болсон хэлэлцүүлэгт үг хэлэхдээ, хиймэл оюун ухаан нь хүлээгдэж байснаас хамаагүй дэвшилтэт, ялангуяа хүний бүтээмжийг нэмэгдүүлэх тал дээр илүү сайн хэрэгсэл болсон хэмээн онцлон тэмдэглэв.
Хиймэл оюун ухааныг өдөр тутмын амьдралд нэвтрүүлэх талаар санаа зовж байна
Хиймэл оюун ухааны хөгжил, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудлууд урт хугацааны тогтвортой хөгжлийн төлөвлөгөөнд нь нөлөөлж болзошгүйд дэлхийн компаниудын удирдагчид санаа зовж байгааг аудитын үйлчилгээ үзүүлэгч PricewaterhouseCoopers (PwC) компанийн хийсэн судалгаа харууллаа. Дэлхийн компаниудын 4 700 гаруй удирдах албан тушаалтан асуулга судалгаанд оролцсон байна. Тэдний 45 хувь нь хиймэл оюун ухаан бий болсноор ойрын 10 жилд дорвитой өөрчлөлт гарахгүй бол компанийнхаа ирээдүйд санаа зовж байна.
Судалгаанд оролцогчдын үлдсэн 60 хувь нь хиймэл оюун ухаан нь компаниудын бүтээмжийг нэмэгдүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
Хиймэл оюун ухаанаас учирч болзошгүй эрсдэлийн талаар НҮБ анхааруулав
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш чуулга уулзалтад үг хэлэхдээ, технологийн томоохон компаниуд хиймэл оюун ухаанаас олох ашиг хонжооны хойноос хөнгөн хуумгай хөөцөлдөж байна хэмээн мэдэгджээ. Тэрбээр шинэ технологи гарч байгаатай холбогдуулан эрсдэлийг багасгах яаралтай арга хэмжээ авах шаардлагатайг анхааруулсан байна.
“Технологийн томоохон компаниуд хүний эрх, хувийн нууцлал, нийгэмд үзүүлэх нөлөөллийг үл тоомсорлон ашиг хонжооны эрэлд хэдийнээ гарсан” гэж тэрбээр хэлжээ.
Гутерриш хиймэл оюун ухааны улмаас үүссэн эрсдэлийг цаг уурын хямралаас үүдэлтэй эрсдэлүүдтэй холбон ярихдаа, олон улсын хамтын нийгэмлэгт энэ хоёр асуудлыг шийдвэрлэх стратеги байхгүй гэдгийг онцлон тэмдэглэв.
Google: Хиймэл оюун ухаан амьдралыг өөрчилж чадна
Чуулганы үеэр болсон "Хиймэл оюун ухаан: Агуу тэнцвэржүүлэгч" хэлэлцүүлэгт Google-ийн санхүү хариуцсан захирал Рут Порат хэлэхдээ, хиймэл оюун ухаан нь амьдралыг өөрчилж чадна гэж мэдэгджээ.
Түүний хэлснээр, энэхүү өөрчлөлтөөс аль хэдийнэ ашиг тусыг нь хүртсэн хоёр салбар бол эрүүл мэндийн тусламж үйлчилгээ ба уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэл юм. Тэрбээр уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, гал түймэр, үер зэрэг гамшгийн менежментийн талаар хийсэн Google-ийн ажлын талаар ярьсан байна.
“Google YP-ийн тусламжтайгаар бид гамшгийн талаар долоо хоногийн өмнө анхааруулах боломжийг олгосон. Хиймэл оюун ухаан нь тэнцвэржүүлэх гайхалтай хүчин зүйл байж чадна" гэж тэрбээр онцолжээ.
Microsoft-ийн ерөнхий захирал Сатя Наделла мөн хиймэл оюун ухааны ирээдүйн талаар "өөдрөг бодолтой" байна.
Технологийн стандартын тухайд улс орнууд тэгш байр суурь эзлэх ёстой гэж Наделла хэлээд хиймэл оюун ухааны салбарт дэлхийн хэмжээнд зохицуулалт хийх шаардлагатай байгааг цохон тэмдэглэв.
Европын Холбооныхон санаа зовниж байна
Европын Холбоо (ЕХ)-ны Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн комиссын гишүүн Стелла Кириакидис Давост үг хэлэхдээ, эрүүл мэндийн салбарт ашиглаж буй хиймэл оюун ухаанд суурилсан багаж төхөөрөмжүүдээс хамгаалах арга хэмжээ авах шаардлагатай байгааг онцлон тэмдэглэв. "Хиймэл оюун ухааны бидэнд санал болгож буй бүх боломжийг бид ашиглаж чадна гэдэгт итгэлтэй байна" гэж тэрбээр нэмж хэллээ.
AIGA хиймэл оюун ухааны хүртээмжийг тэгш байлгахыг уриалж байна
Дэлхийн эдийн засгийн чуулганы Хиймэл оюун ухааны менежментийн холбоо (AIGA) мөн дэвшилтэт хиймэл оюун ухааны хүртээмжийг тэгш байлгахын тулд дэлхийн хэмжээнд хүчин чармайлт гаргах шаардлагатай гэж мэдэгдэв.
Хэдийгээр хиймэл оюун ухаан нь дэлхийн хэмжээнд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх чадвартай хэдий ч эл технологи нь одоо бий болоод буй дижитал тэгш бус байдлыг нэмэгдүүлэх эсвэл шинээр бий болгох эрсдэлтэй гэж AIGA-ийн тайланд дурджээ.
Хиймэл оюун ухааны салбарын гол тоглогчид нь АНУ-ын компаниуд
Google, Microsoft, Meta, Intel, ChatGPT зэрэг хиймэл оюун ухааны технологийн салбарын томоохон тоглогчид болох АНУ-ын компаниуд Давост ирсэн нь бас анхаарал татаж байлаа.
Судалгаагаар, АНУ-д хиймэл оюун ухааны технологийн 35 том компани байдаг бол Европт ердөө 3 байдаг.