БАЯНХОНГОР: Тэтгэлгээр суралцаж буй оюутнуудаа хүлээн авч уулзав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-01-25 10:22:19

Баянхонгор, 2024 оны нэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан тус аймгаас БНХАУ-ын Ганьсү мужийн Ланжоу хотод суралцаж буй оюутан залуусаа хүлээн авч уулзав.


Баянхонгор аймаг БНХАУ-ын Ганьсү мужтай хоёр талын нөхөрсөг харилцааг бэхжүүлж, хамтын ажиллагаагаа өргөжүүлж хамтран ажиллах санамж бичгийг 2023 онд байгуулсан. Энэ хүрээнд орон нутгийн 10 оюутныг тус мужийн Ланжоу хотын Ланжоугийн их сургуульд 100 хувийн тэтгэлэгтэйгээр суралцуулахаар хэлэлцэн тохирсон юм. Оюутнууд өвлийн амралтаараа орон нутагтаа ирсэн байгаа бөгөөд аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан оюутнуудыг хүлээн авч уулзлаа.


Аймгийн удирдлага сурах орчин, хоол, хичээлийн бусад цагаар өөрийгөө хөгжүүлэх боломж зэрэг сэдвээр нээлттэй ярилцлагыг оюутнуудтай өрнүүллээ. Оюутнуудын хувьд сурахад ямар нэгэн хүндрэл бэрхшээлтэй зүйл байхгүй бөгөөд сургалтын орчин сайтайг хэлсэн. Мөн тэд хятад хэлний эхний гуравдугаар түвшний буюу суурь түвшний шалгалтаа бүгд амжилттай өгснөө дуулгав.


Баянхонгор аймгийн оюутнууд тус сургуульд Олон улсын эдийн засаг ба худалдаа, Иргэний ба үйлдвэрлэлийн барилгын инженер, Дулаан ба цахилгаан эрчим хүчний инженер, Санхүүгийн менежмент, Мэдээллийн технологи, Архитектор мэргэжлээр тус тус 100 хувийн тэтгэлэгтэйгээр суралцаж байгаа юм.

Холбоотой мэдээ