СҮХБААТАР: Хамтран ажиллах гэрээний нэг тэрбум 219,2 сая төгрөгийг төлөөгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-01-29 12:18:30

Баруун-Урт 2024 оны нэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх чиглэлээр жил бүр уул уурхайн компаниудтай хамтран ажиллах гэрээ байгуулдаг. Гэтэл ихэнх компани гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн хэрэгжүүлдэггүй байна. Одоогоор зургаан компани 2022 оны хамтран ажиллах гэрээний нэг тэрбум 219,2 сая төгрөгийг төлөөгүй байна.


"Орон нутаг уул уурхайн компаниудтай хамтран ажиллах чиглэлээр гэрээ байгуулж, санхүүгийн дэмжлэг авч болно гэж заасан байдаг. Гэтэл аймгийн хэмжээнд байгаа уул уурхайн компаниуд хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх тал дээр ач холбогдолтой биш, орон нутагтай хамтран ажиллах гэрээний үүргийн хэрэгжилтийг хангадаггүй. Мөн нөхөн сэргээлт хийх нөөц санг байгуулах шаардлагатай зэрэг нийтлэг дутагдал ажиглагдсан. Хяналт, шалгалтын хүрээнд дээрх төлбөл зохих мөнгөн төлбөрөөс 250 сая орчим төгрөгийн орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн. Үлдэгдэл төлбөрийг төвлөрүүлэхээр тодорхой ажлуудыг үе шаттай хийж байна.

Манай газраас Монгол Улсын ерөнхий аудитрын захирамжаар Байгаль орчин уул уурхайн нөхөн сэргээлтийн үр дүн сэдэвт аудитын гүйцэтгэлийн үнэлгээгээр зөвшөөрөл эзэмшигч ААНБ-уудад хийлээ. Гурван зорилтын хүрээнд 13 дэд асуудлаар аудит хийсэн. Гол зорилго нь уул уурхайн компаниуд нөхөн сэргээлтийн ажлаа үр дүнтэй хийж чадаж байна уу, түүнд хяналт тавих төр захиргааны байгууллагуудын ажлын хүртээмж хэр байгааг үнэлж, түүний үр дүнг олон нийтэд танилцуулах явдал юм. Нийтлэг алдаа, зөрчлүүдийг тодорхойлж холбогдох компани, төрийн албаныхан, аймаг орон нутгийн удирдлагууд, мөн холбогдох яамдад зөвлөмж, хүсэлтээ хүргүүлсэн. Орон нутагт тогтмол ажилладаг уур уурхайн компаниудаас ганц "Цайрт минераль" компани л энэхүү нөөц сангаа байгуулсан, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх  чиглэлээр ажиллаж байна" гэж Сүхбаатар аймаг дахь төрийн аудитын газрын дарга Г.Даваа хэллээ.


Сүхбаатар аймгийн хэмжээнд хайгуулын 20 орчим, ашиглалтын 68 түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын 11 ашиглалтын зургаа гээд тусгай зөвшөөрөл эзэмшигч нийт 105 ААНБ байна. Ашиглалтын зөвшөөрөлтэй ААН-үүдээс 18 нь тус аймгийн нутаг дэвсгэрт тогтмол үйл ажиллагаа явуулж байна. 

Холбоотой мэдээ