“Тэнгэрийн хутагт” бүжгэн жүжиг үзэгчдийн хүртээл болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Говийн догшин ноён хутагт V дүрийн Дулдуйтын Данзанравжаагийн мэлмий гийсний 220 жилийн ойг тохиолдуулан Их соён гэгээрүүлэгчийн амьдралыг харуулсан “Тэнгэрийн хутагт” бүжгэн жүжгийг нэгдүгээр сарын 31-нээс хоёрдугаар сарын 4-нийг хүртэл Корпорейт Конвейншн төвийн тайзнаа толилуулна.
Тайзны урлагийн цоо шинэ энэхүү бүтээлийн Гүйцэтгэх продюсероор Х.Ганбаатар ажиллаж, Дорноговь аймгийн Нутгийн зөвлөлөөс дэмжин олны хүртээл болгож буй юм.
“Тэнгэрийн хутагт” бүжгэн жүжгийн хөгжмийг МУГЗ Ш.Өлзийбаяр, цомнолыг МУСГЗ Л.Эрдэнэбат, ерөнхий найруулагч болоод бүжиг дэглээч СТА Х.Хашхүү, ерөнхий зураачаар МУЭ-ийн гишүүн зураач Д.Ганпүрэв нар ажиллажээ.
Их соён гэгээрүүлэгч хутагтын тухай бүжгэн жүжгийг 2023 оны долоодугаар сарын 29-нд Монголд анх удаа Дорноговь аймгийн задгай тайзнаа нутгийн олноо толилуулсан юм.
Дорноговь аймгийн залуус нутгаа гэсэн нэгэн сэтгэлээр нэгдэн Говийн тодотголтой догшин ноён V дүрийн Данзанравжаа хутагтын түүх, их соёлыг түгээн дэлгэрүүлэх, ирээдүй хойч үед таниулах зорилгоор энэхүү бүжгэн жүжиг тайзнаа тавьж байна.
XIX зууны үеийн Буддын ухааны гүн сэтгэгч, их соён гэгээрүүлэгч нь яруу найраг, хөгжим, баримал сийлбэр, уран зургийн билэг танхай авьяасаараа мянга гаруй бүтээл туурвиснаас “Саран хөхөө” жүжгийн зохиол, “Үлэмжийн чанар” дуут шүлэг, “Хамрын хийд” болоод “Галбын гурван хийд” танин мэдэхүйн байгууламж нь хүн төрөлхтний оюуны охь болж, дэлхий дахинаа хүлээн зөвшөөрч хүн төрөлхтний соёлын биет өв болгон ЮНЕСКО-д хадгалагддаг.