Соёлын биет бус өвийн 2023 оны шилдэг өвлөн уламжлагчийг тодрууллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 354 дүгээр тогтоолоор батлагдсан “Соёлын биет бус өвийг үндэсний болон дэлхийн хэмжээнд сурталчлан алдаршуулах, түгээн дэлгэрүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан өвлөн уламжлагчид мөнгөн шагнал олгох журам”-ын дагуу жил бүр нэг өвлөн уламжлагчийг шалгаруулж, мөнгөн шагналаар шагнадаг.
Тэгвэл 2023 оны шилдэг өвлөн уламжлагчаар Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уугуул, Алтанбулаг сумын харьяат, “Эсгий ширмэл урлал”-ыг өвлөн уламжлагч Д.Цэндсүрэн шалгарчээ. Д.Цэндсүрэн 1952 онд Төв аймгийн Баян-Өнжүүл сумын “Намаржаа” гэдэг газарт малчин ард Долгорын таван хүүхдийн дөрөв дэх хүүхэд болон мэндэлжээ.
Нүүдэлчин монголчуудын уламжлалт гар урлалын сонгодог өв “Эсгий ширмэл урлал”-ыг тэрбээр өөрийн ээж Д.Долгороос долдугаар ангид байхдаа сурч, язгуур хэв шинжээр нь 57 жил өвлөн уламжилж, хэрэглээний олон хэлбэр агуулгаар баяжуулан, хөгжүүлж, түгээн дэлгэрүүлж байна.
1991 оноос хойш олон хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэйчүүдийг хамруулан 12 хүний бүрэлдэхүүнтэй “Мөнгөн саваа” төрийн бус байгууллагыг байгуулж уламжлалт аргаар эсгий хийж, ширмэл ширдэг, гэрийн туглуур, олбог, оймс зэрэг нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, бүтээгдэхүүнээ сурталчлах үзэсгэлэн худалдаанд 2006 оноос хойш идэвхтэй оролцож иржээ.