“Увс түншлэл-2015 үзэсгэлэн худалдаа” боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСЖил бүрийн намар уламжлал болгон зохиогддог “Увс түншлэл” үзэсгэлэн худалдаа болж өнгөрлөө.
Энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд малын гаралтай түүхий эдийг боловсруулсан бүтээгдэхүүн, сүү, сүүн, мах, махан болон гурил, гурилан бүтээгдэхүүн, хоол үйлдвэрлэл, төмс, хүнсний ногоо, үр тариа, жимс жимсгэний бүтээгдэхүүн, барилгын материал, мод, модон бүтээгдэхүүн, хувцас, гутал, зөөлөн эдлэл, бэлэг дурсгал, сав баглаа боодол, хадгалалт хамгаалалт, тээвэрлэлтэнд зориулсан бүтээгдэхүүн зэрэг төрлүүдээр 15 сумын 108 аж ахуйн нэгж, иргэн 24 нэр төрлийн, 94,6 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүнтэй оролцож, 27,4 сая төгрөгийн борлуулалт хийсэн байна.
Үзэсгэлэн худалдаа нь жил бүр шилдгүүдээ тодруулдаг бөгөөд энэ жилийн шилдгийн шилдэг ГРАНПРИ шагналын эзнээр Улаангом сумын “Өнөр урлал” ХХК “Хээ, шигтгээ суулгацтай загварын дээлүүд”-ээрээ хүртлээ. Түүнлэн, Аж үйлдвэрийн шилдэг бүтээгдэхүүнээр “Дөрвөн булаг” ХХК-ний үйлдвэрлэсэн “Хонины ноосон хөнжил, гудас”, Улаангом сумын иргэн Ж.Батмөнхийн үйлдвэрлэсэн “Хээтэй гутал”, хүнсний шилдэг бүтээгдэхүүнээр Зүүнговь сумын иргэн Х.Цэцэгмаагийн үйлдвэрлэсэн “Цагаан идээ”, “Да буян” ХХК-ийн үйлдвэрлэсэн “Чацарганы тос, жүүс”, “Шинэ арвин ургац” ХХК-ийн “Боловсруулсан хүнсний ногооны бүтээгдэхүүн”, импортыг орлох бүтээгдэхүүнээр “УСУВА” ХХК-ийн “Мебель тавилга”, сэтгэлд нийцсэн, борлуулалт сайтай бүтээгдэхүүнээр Улаангом сумын иргэн Р.Уранбилэгийн урласан “Монгол дээл” тус тус шалгарч, Өмнөговь, Наранбулаг сумдын үйлдвэрлэгчид идэвхитэй оролцлоо.
Үзэсгэлэн худалдааг аймгийн Засаг Даргын Тамгын Газар, Хүнс Хөдөө Аж Ахуйн Газар, Хөдөлмөрийн хэлтэс, Мэргэжлийн Хяналтын Газар, Стандартчилал хэмжил зүйн хэлтэс, Улаангом сумын Засаг Даргын Тамгын Газар хамтран зохион байгуулсан юм.
Увс аймаг Б.Батхүү
Сэтгэгдлүүд