Израилтай дипломат харилцаа тогтоох нөхцөл болзлыг Саудын Араб мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2024-02-07 15:32:10

ЭР-РИЯД, 2024 оны хоёрдугаар сарын 7 /VOA/. Зүүн Иерусалимд нийслэлтэй, 1967 онд тогтоосон хилийн дотор Палестин улсыг хүлээн зөвшөөрч, Газын зурваст "түрэмгийллээ" зогсоох хүртэл Израилтай дипломат харилцаа тогтоохгүй гэдгээ Саудын Арабын Гадаад хэргийн яамнаас  АНУ-ын эрх баригчдад мэдэгджээ. 


Саудын Араб, Израил улсууд харилцаагаа хэвийн болгох талаар хэлэлцээгээ үргэлжлүүлэхэд бэлэн байгааг илтгэх нааштай мэдээг Байдены засаг захиргаа авсан гэж Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн төлөөлөгч Жон Кирби мягмар гарагт мэдэгдсэн байна. 


Харин Саудын Арабын эрх баригчид Кирбигийн дээрх мэдэгдэлтэй холбогдуулан Палестины асуудлаар баримталж буй байр сууриа хэвээр хадгална гэдгээ батлах үүднээс хариу мэдэгдэл хийжээ. 


2020 онд Израил улс Персийн булангийн Арабын Нэгдсэн Эмирт Улс, Бахрейн улстай харилцаа тогтоосныг Саудын Араб дэмжсэнээс хойш Израил, Саудын Арабын хооронд дипломат харилцаа тогтоох тухай асуудал яригдаж байгаа юм.


2023 оны 10 дугаар сард Палестины ХАМАС бүлэглэл ба Израилын цэргүүдийн хооронд өргөн хэмжээний дайн дэгдсэний дараа Саудын Арабын тал Израилтай харилцаагаа хэвийн болгох төлөвлөгөөгөө /АНУ дэмжсэн/ хойшлуулсан гэж Эр-Рияд дахь эх сурвалжууд мэдээлж байв.  


Аравдугаар сарын 7-нд ХАМАС бүлэглэлийнхэн Израилын өмнөд хэсэгт 1200 хүний ​​аминд хүрч, 253 хүнийг барьцаалсны дараа Израилын арми Газын зурваст цэргийн ажиллагаа явуулж эхэлсэн юм.

Холбоотой мэдээ