“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааны ногдол ашгийг 3.1 сая хүнд олгожээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-02-07 16:10:12

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Монгол Улсын иргэн бүрийн эзэмшиж буй “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаатай холбоотой асуудлаар өнөөдөр Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс мэдээлэл хийлээ.


Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Ц.Наран-Учрал, ““Эрдэнэс Тавантолгой” компанийн ногдол ашгийг өнөөдрийн байдлаар 3.1 сая хүнд олгоод байна. Үүний 2.5 сая иргэний ногдол ашгийг брокерын компанид нээлгэх үед өгсөн дансаар тараасан. Харин нийт иргэдийн гурван хувьд нь ногдол ашиг олгоогүй байна. Гурван сая хүний гүйлгээ хийлгэхэд зарим хүнд мэдээллийн зөрүү гардаг. Үүнийг эс тооцвол ногдол ашиг тараах ажил амжилттай явж байна.


Ер нь, иргэн хувьцаатай л бол Үнэт цаасны компани дээр данстай байх нь зөв. Ногдол ашиг тараах үеэр 16800 хүний гүйлгээнд алдаа гарсан. Алдааг өдөр, өдөрт нь тогтоогоод олгоод явж байгаа. Хэдийгээр иргэдэд хувьцаа эзэмшүүлэх, ногдол ашиг тараах шийдвэр богино хугацаанд гарсан ч, өнөөдрийн байдлаар 97 хувь нь ногдол ашгаа авсан” гэв. 

Холбоотой мэдээ