СҮХБААТАР: Жаргалант багаас 62 жилийн дараа Монгол Улсын аварга малчин тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-02-08 16:24:18

Баруун-Урт 2024 оны хоёрдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн малчин Ц.Түвшинтөгс, А.Нямсүрэн нар Монгол Улсын аварга малчин өрхөөр шалгарч, шагналаа УИХ-ын гишүүн Н.Ганибалаас гардан авлаа.


Малаа таван төрөл дээр нь таваарлаг байдлаар өсгөдөг эдний гэр бүл өвлийг өнтэй давж, урин хавартай золгож байна.


 

Жаргалант баг 236 өрхийн 99 гаруй мянган толгой малтай. Тус багаас 62 жилийн өмнө буюу 1962 онд Монгол Улсын аварга малчин болж байсан хүн Ц.Түвшинтөгсийн удмынх. Өөрөөр хэлбэл удмаасаа уламжилж авсан мал сүрэг, малч ухаанаараа ийнхүү аварга болжээ. Малаа эдийн засгийн эргэлтэд оруулж, үүлдэр угсааг нь сайжруулахын дээр малчин хүн учирч болох эрсдэлд бэлэн байж, өвөлжилтийн бэлтгэлийг сайн хангах хэрэгтэйг хэллээ. Тэрбээр хадланд гарч өрхийнхөө хэрэгцээний 1500 орчим боодол өвсийг тогтмол өөрөө бэлдэж хэвшжээ.


 

Эднийх хоёр охин, нэг хүүтэй. Түүний бага хүү Т.Энхманлай нь ч багаас мал дээр өссөн учир аав ээжийгээ дагасан малчин болохоор шийдэж, 12-р ангиа төгсөөд мал дээр гарчээ. Монгол Улсын аварга малчин гэх энэ алдрыг өндөрт өргөж, цааш нь үргэлжлүүлж авч явахын төлөө ааваасаа илүү сайн суралцана гэдгээ тэрбээр ярилаа.


 

Монгол Улсын аварга малчны шагнал бол малчны хотонд нь очиж хүндэтгэлтэйгээр гардуулж өгдөг Засгийн газрын уламжлалт шагнал юм. Тиймээс Монгол Улсын Засгийн газар УИХ-ын гишүүд малчдын шагналыг гардуулж өгөн, малчдын нөхцөл байдалтай танилцаж яваа.

 

Энэ жилийн малчид үнэхээр хүнд хүчир цагийг туулж байна. Сүхбаатар аймгийн тухайд өвсгүй хэрнээ их цастай өвөл болж байна. Гэхдээ Сүхбаатар аймгаас шинээр тодорсон аварга малчдын тухайд малаа өсгөхбэлчээр ашиглалтын байдал, мал маллах арга ухаан, уламжлалт мал маллагааг шинжлэх ухаантай хослуулж чадсан, шинэ цагийн малчдын манлайлал болсон малчид гэдгээрээ онцлог байна хэмээн УИХ-ын гишүүн Н.Ганибал хэллээ.

 

Холбоотой мэдээ