БАЯНХОНГОР: Хосгүй үнэт үзмэр - Хос бадамлянхуа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор, 2024 оны хоёрдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Музейн сан хөмрөгт хосгүй үнэт үзмэр хос бадамлянхуа бүхий оньстой хадгалах сав хадгалагдаж байна. Тус бүтээл хэмжээний хувьд 9.7 см өргөн, 28 см өндөртэй, 3155 гр жинтэй.
Ламын гэгээний тарган дүр Лувсанпэрэнлэйдогмид шүрэн өвгөн, алтан аяга, хаш хөөрөг зэрэг үнэт эдлэлээ хадгалах оньстой савыг өөрийн дархан Эрдэнэжавын Самбуугаар хийлгэжээ.
Дархны урласан тус сав нь гуулиар цутгаж алтаар шармалдсан, оньсон товчлууртай, найман дэлбээтэй, түүн дээрээ найман тахилтай, гурав салдаг. Цэцэг, навч, үүл, хамар, угалз, мушгиа зэрэг хээ чимэгтэй. Ишин дээр нь цэцгэн хээ, үүлэн хээ, эвэр угалзыг ирмэглэн товойлгож цутгасан. Дэлбээ нь цэцгэн голтой бөгөөд суурийг бадамлянхуа цэцгээр хүрээлсэн. Дотор нь нэг килограмм жинтэй юм хийхэд дэлбээ нь өөрөө хумигддаг.
Хос бадамлянхуа цэцгийг дөрвөн хос буюу найман ширхгийг хийж байсан гэсэн мэдээлэл байдаг ба үүнээс Баянхонгор аймгийн Музейн сан хөмрөгт нэг хос, нэг дэлбээ нь, мөн нэг цэцгийн гол хэсэг нь Хүрээмарал сумын Орон нутаг судлах танхимд хадгалагдаж байна.
Баянхонгор аймгийн Музейн сан хөмрөгт байгаа бадамлянхуа цэцгийг аймгийн Музейн захирлаар ажиллаж байсан Л.Юндэнбат Эрдэнэцогт сумын иргэн н.Нэргүйгээс 1961 онд 400 төгрөгөөр худалдан авч, сан хөмрөгөө баяжуулсан түүхтэй. Харин Хүрээмарал сумын Орон нутаг судлах танхимд хадгалагдаж байгаа дурсгал нь 1975 оноос тус танхимд хадгалагдаж байгаа бөгөөд 760 гр жинтэй, 10.5 см өндөр, 10 см өргөн, 3 см зузаантай бөгөөд хаанаас ямар эх үүсвэрээс орж ирсэн нь тодорхойгүй байдаг аж.