Кот д’Ивуарчууд Африкийн цомын тэмцээнд аваргаллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2024-02-13 15:54:28

АБИЖАН, 2024 оны хоёрдугаар сарын 13 /BBC/. Африкийн цомын тэмцээнийг зохион байгуулагч улс болох Кот д’Ивуарын шигшээ баг финалын тоглолтод нигеричүүдийг 2:1-ээр буулган авснаар аваргын цомыг өргөлөө.


Кот д’Ивуарын Абижан хотын “Алассан Уаттара” цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолтын эхний үе дуусахад 7 минут дутуу байх мөчид Нигерийн хөлбөмбөгч Уильям Троост-Эконг өрсөлдөгч багийн хаалганд гоол оруулснаар тоглолтын салхийг хагалжээ.


Харин тоглолтын 62 дахь минутад  Кот д’Ивуарын хагас хамгаалагч Франк Кессье онооны харьцааг тэнцүүлсэн байна. Улмаар тус багийн довтлогч Себастьен Алле 81 дэх минутад хожлын гоолыг оруулснаар эх орондоо ялалтыг авчирчээ.


Кот д’Ивуарчууд Африкийн цомыг гурав дахь удаагаа хүртэж буй нь энэ бөгөөд өмнө нь 1992, 2015 онд аваргалж байв.

 


Холбоотой мэдээ