ӨМНӨГОВЬ: Үзэсгэлэнт Ноён богд уулын цогцолбор

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2024-02-15 16:51:09

Даланзадгад, 2024 оны хоёрдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн Ноён сумын нутагт үзэсгэлэнт Ноён богд уул байдаг.


Энэхүү уул нь нутгийнхны гол шүтээн бөгөөд Ноён богд уулнаас гадна Гурван түшмэл уул, Хөвүүн уул, Хатан сэврээ, Толь хад гээд байгалийн үзэсгэлэн бүрдсэн газруудтай.




Мөн тус цогцолбор ханын хэцийн үзэсгэлэнт газруудын нэг нь Саран хөндий юм. Энэ гайхамшигт хөндийд аргаль, янгир, ирвэс гэх мэт ховор зэрлэг амьтад элбэг тохиолдоно.



Саран хөндийн эхэн хавьд хүний алга хэлбэртэй нэг сонин хад байх бөгөөд ёроолоос нь рашаан ундардаг. Ханан хэцийн хад чулуунууд нь олон нүх сүв, хонхор гүдгэр ихтэй. Эдгээр хонхорт нь зуны аагим халуунаас хоргодохоор элдэв амьтад ороод нуугдчихдаг нь ихэд сонин.


Ноён богд уулын хойно Дүгнэн уулын арын хананд 10 метр гаруй урт, 3 метр орчим өндөрт алдарт толь хад хэмээх том хадан цохио байдаг. Хүн амьтны дүрс тод харагддаг гялгар гадаргуутай.




Эрт цагт уулын тектоник хөдөлгөөнөөр том цохио чулуу өнхөрч гулсан бусад чулуулагтай хавиралдан үрэлдсэнээс үүсэж тогтсон хэмээн судлаачид үздэг. Энэ хад маш гөлгөр байсан боловч харамсалтай нь орос цэргүүд буугаар шүршсэнээс болж гөлгөр нь эвдэгдсэн ажээ.



Холбоотой мэдээ