БНЧУ-д суугаа Элчин сайд Д.Гансүх Словак улсад ажиллав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
boloroo8136@gmail.com
2024-02-16 10:08:40

Улаанбаатар, 2023 оны хоёрдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суугаа Элчин сайд Д.Гансүх 2024 оны 2 дугаар сарын 12-13-нд Словак улсад ажиллахдаа тус улсын Ерөнхийлөгч З.Чапутова шинэ оныг тохиолдуулан Элчин сайд нартай хийсэн уулзалтад оролцов.

 

Энэ үеэр Гадаад болон Европын асуудал эрхэлсэн яам, Эдийн засгийн яам болон Словак-Монголын Худалдааны танхимын Ерөнхийлөгч тэргүүтэй бизнес эрхлэгчидтэй уулзав.

 

Элчин сайд Д.Гансүх Словакийн Гадаад болон Европын асуудал эрхэлсэн яамны Ази-Номхон далайн орнуудын газрын захирал П.Спишиактай хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, тухайлбал ГХЯ-д хоорондын зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулах, Олон улсын автотээврийн харилцааны тухай Монгол, Словак хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурах, Эдийн засгийн хамтарсан хорооны анхдугаар хуралдааныг хийх зэрэг асуудлаар санал солилцож, ярилцав.

 

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 2024 оны 8 дугаар сард зохион байгуулах “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-д Словак улсын цаначин П.Влховаг урьж байгааг мэдээлэхийн зэрэгцээ “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хурлын талаар мэдээлэл өгч, словакийн төлөөлөгчдийг оролцохыг урилаа. Ноён П.Спишиак Монгол, Словакийн хамтын ажиллагаа НҮБ болон олон улсын байгууллагуудын хүрээнд идэвхтэй өрнөж байгааг тэмдэглэн ГХЯ хоорондын зөвлөлдөх уулзалт зэрэг хоёр талт уулзалт, арга хэмжээнүүдийг зохион байгуулахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

 

Эдийн засгийн яамны Гадаад худалдааны бодлого болон Европын хэргийн асуудал эрхэлсэн захирал А.Крайчикова уулзалтын үеэр хоёр талын худалдаа сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа ч эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн бололцоо бүрэн байгааг тэмдэглэв. Эдийн засгийн хамтын ажиллагааны тухай Монгол, Словакийн яамд хоорондын хэлэлцээрийг илүү бодитой хэрэгжүүлэх, Хамтарсан хорооны хуралдааныг зохион байгуулах тухай санал нэгдэв гэж Прага дахь Монгол Улсын ЭСЯ мэдээллээ





Холбоотой мэдээ