Д.Мөнхбат: Хархираа, Түргэний уулын дундах мөс 2030 он гэхэд хайлж дуусахаар байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-09-29 16:57:35

    Увс аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний алба 2013 оны 7-р сараас эхлэн Хархираа, Түргэний ууланд мөстлөгийн судалгаа хийж байгаа аж. Сүүлийн жилүүдэд мөсний зузаан эрчимтэй хайлж байгаа нь судалгаагаар тогтоогдсон байна. Энэ талаар аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний албаны дарга Д.Мөнхбатаас тодрууллаа.

-Хархираа, Түргэний уулсын мөсний зузаанд судалгаа хийсэн гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Манай алба нь Дасан зохицохуй төслийн санхүүжилтээр Хархираа, Түргэний ууланд цаг уурын автомат станц буюу харуулын байртай болж, тоног төхөөрөмжөөр хангагдан гурав дахь жилдээ мөнх цасны хайлалтыг хэмжиж байна. Эхний жил буюу 2013-2014 онд мөстлөгийн хэмжээ дунджаар 2 метр орчим нимгэрсэн байсан. 2014-2015 онд дунджаар 3 м, 2015-2016 онд дунджаар 4 м болж, жил жилд нэг метрээр хайлалт нэмэгдэж байна. Нийтдээ энэ гурван жилийн хугацаанд хамгийн багадаа 8 м, ихдээ 10 м мөс хайлсан байна. Бид долоон цэг дээр тусгай хэмжээстэй гуурсийг 5 м-ийн гүнд суулгасан. Түүн дээрээ дулааны улиралд сар болгон очиж хэмжилт авдаг. Өнгөрсөн наймдугаар сард очоод хэмжихэд дээд тал нь 4,92 м, доод тал нь 2,5 м хайлсан байсан. Ингээд бодохоор хайлалтын хэмжээ сүүлийн 3 жилд маш эрчимтэй явагдаж байна.

   Анх мөсөн талбай дээр мөсөн голууд маш бага байсан. Жижиг хэмжээний ганц хоёрхон мөсөн гол байсан бол энэ жил очиход мөсөн голын хэмжээ ихэсч, 6-7 том мөсөн гол урсч байсан.

-Тэгэхээр өнгөрсөн гурван жилийн хугацаанд мөсний хайлалт маш эрчимтэй явагдсан болж тарах нь ээ?

-Анх 2013 онд очиход наад талаас нь мөс рүүгээ алгуурхан алхаад гарч болдог байсан. Гэтэл одоо наад хормойд нь 50 м орчим газарт мөс хайлаад нуур тогтоолчихсон, явахын аргагүй болсон тул нэлээд тойрч гарсан. 2013 онд очиж байхад тэр хавь нэлдээ цав цагаан байсан. Гэтэл одоо өнгөн хэсэг нь шал өөр бараандуу өнгөтэй болсон харагдсан. Энэ нь хайлалт эрчимтэй явагдаж байгаагийн шинж л дээ.

-Мөс эрчимтэй хайлж байгаа шалтгаан юу вэ?

-Дэлхийн дулаарал нөлөөлж байгаа. Өвлийн улиралд 1,5 м зузаан цасан бүрхүүл тогтдог. Тэгсэн хэрнээ зун нь хайлаад мөсний хэмжээ нимгэрээд байна. Ер нь бол дэлхийн дулаарал манай Хархираа, Түргэний уулын мөнх цасанд 3 жилийн хугацаанд хэрхэн нөлөөлж байгаа нь харагдаж байгаа. Мөс эрчимтэй хайлснаар голуудын усны түвшин нэмэгдэж, маш их устай, түргэн урсгалтай болсон. Энэ зун хур бороо ихтэй байсан тул мөс их хайлсан гэж нутгийн хүмүүс ярьж байна лээ. Мөсөн дээр цас биш, бороо ороод дулаахан байхаар хайлах нь амархан байдаг юм билээ.

   Бид НҮБ-ын төслийн шугамаар судалгааны ажлаа эхлүүлсэн болохоор явцын мэдээ, тайлангаа байнга илгээдэг. Энэ дагуу ирэх сарын 11-нд НҮБ-ын төсөл хариуцсан 4 хүн ирж мөнх цасны эрчимтэй хайлалтын талаар баримтат кино хийхээр болсон.

   Хоёр уулын дунд тогтсон мөсний зузааныг судлаачид тооцож үзээд доошоогоо 60 метр зузаан байна, 2030 он гэхэд хайлж дуусна гэсэн таамаг гаргасан. Жил бүр өөрийн биеэр очиж хэмжиж байгаа миний бодлоор 60 метр мөс байгаа бол 2030 он биш түүнээс наана хайлаад дуусах юм шиг харагдаж байгаа. Жилээс жилд мөс хайлж байна. Зузаан нь нэмэгдэх бүү хэл, хэвээрээ байх найдлага огтхон ч алга. Хэрвээ мөнх цас хайлвал уулнаас эх авч байгаа том том голууд ширгэж үгүй болно. Одоохондоо сайхан устай голууд урсаж л байна. Ирээдүйд энд тийм гол байсан гэсэн түүх л үлдэх байх даа.

Увс аймаг Б.Батхүү

 

Холбоотой мэдээ