ДУНДГОВЬ: Хөгжлийн ялгаатай хэрэгцээтэй хүүхэдтэй ажиллах арга зүйд суралцав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-02-21 17:37:25
altantogos

Мандалговь, 2024 оны хоёрдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлсэн “Тэгш хамруулах боловсролыг дэмжих төсөл”-ийн багаас Сайнцагаан сумын ЕБС, Политехник коллежийн эрэгтэй багш нарт “Хүүхэд бүрийн хөгжлийг дэмжих нь” сургалт зохион байгуулж, 26 багш оролцжээ.


Төслийн хүрээнд хөгжлийн ялгаатай хэрэгцээтэй хүүхэдтэй ажиллах арга зүйн сургагч багшаар Монгол Улсын зөвлөх багш Б.Сүнжидмаа, Говийн ирээдүй цогцолбор сургуулийн бага ангийн багш Б.Догмидцэрэн нар бэлтгэгдсэн бөгөөд тэд тус сургалтыг удирдаж, төслийн зохицуулагч Э.Мөнхжаргал хамтран ажиллажээ.


Сургалтын талаар төслийн зохицуулагч Э.Мөнхжаргалаас тодруулахад, “Төсөл дууссан хэдий ч бэлтгэгдсэн сургагч багш нар сургалтаа үргэлжлүүлэн зохион байгуулж байна. Энэ сургалтаар “Тэгш хамруулах боловсрол ба сургалтын түгээмэл загвар”, “Ялгаатай хэрэгцээтэй хүүхдэд дэмжлэг үзүүлэх арга зүй”, Ялгаатай хэрэгцээтэй хүүхдэд ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөгөөр дэмжлэг үзүүлэх арга зүй” гэсэн сэвдүүдийн хүрээнд онол, дадлага хосолсон хэлбэрээр арга зүйг олгосон.


Биеийн тамирын багш, хөдөлмөр, дүрслэх урлагийн багш нар голдуу эрэгтэй байдаг бөгөөд энэ багш нарын хувьд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүйн сургалтад өмнө нь хамрагдаж байгаагүй. Гэхдээ тэгш хамруулах тухай ойлголттой багш нар оролцогчдын дунд байсан. Эрэгтэй багш нар их сонирхож, идэвхтэй оролцож, цаашид энэ арга зүйг түгээн дэлгэрүүлэх хэрэгтэй гэсэн санааг хэлж байсан нь сайхан байлаа. Төслийн хүрээнд сургагч багшаар зөвлөх багш Б.Сүнжидмаа, багш Б.Догмидцэрэн нар бэлтгэгдсэн. Цаашид ч ийм сургалт хийх байх” гэлээ. 


Дундговь аймгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 190 гаруй хүүхэд байдаг. Энэ хүүхдүүдээс хөнгөн хэлбэрийн бэрхшээлтэй хүүхдүүд боловсролын үйлчилгээнд хамрагддаг бол тулгуур эрхтний, хүнд хэлбэрийн саажилттай хүүхдүүд энэ үйлчилгээг авч чаддаггүй.


Дээрх төслийн хүрээнд сургууль, цэцэрлэгийн дэмжлэгийн багийг чадавхжуулж, 16 хүүхдийг боловсролын үйлчилгээнд хамруулахад нөлөөлж, Сайнцагаан сумын 3 дугаар цэцэрлэг, Говийн ирээдүй цогцолбор сургуулийг хүртээмжийг сайжруулах чиглэлээр ажиллажээ. 







Холбоотой мэдээ