Хокүсэйхо А.Даваанинж шийтгэл хүлээж, Хакүхо М.Даваажаргал зэрэглэл буурна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-02-22 14:16:08

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Мэргэжлийн сумо бөхийн маэгашира Хокүсэйхо залуу бөхчүүдийг дэглэсэн, зодсон хэргээр Сумогийн холбооноос шийтгэл хүлээх нь тодорхой болжээ.


Сумогийн холбоо энэ сарын 23-нд буюу маргааш хуралдаж, шийдвэрээ гаргах юм. Шинжээчдийн үзэж байгаагаар, зодог тайлах магадлал өндөр байгаа гэнэ. Гэхдээ хэдэн башё өнжих шийтгэл ч өгч болох юм.


Харин түүний багш Хакүхо буюу Миягино оякатаг хоёр зэрэглэл бууруулахаар болжээ. Түүнд зодуулсан бөхчүүд холбоонд гомдол гаргаснаар хяналт, шалгалт эхэлсэн юм. Харин Хакүхог дэвжээгээ муу хянасан, шавь нараа зөв хүмүүжүүлж, удирдаж чадаагүй гэж буруутгажээ. Тиймээс хоёр сарын цалинг хоёр дахин бууруулахын зэрэгцээ оякатагийн эрэмбийг нь доошлуулах бололтой байна.


Хокүсэйхо гэмтлийн улмаас нэгдүгээр сарын тэмцээний дундаас гарсан. Гэхдээ үнэн шалтгаан нь гэмтэл биш оякататайгаа муудалцсан хэрэг байлаа гэж зарим хэвлэлд бичжээ.


Ийнхүү 204 см өндөр, 182 кг жинтэй, ирээдүйн ёкозүна гэгдэж байсан 22 настай залуу зодог тайлж магадгүй байна. 

Холбоотой мэдээ