ХОВД: Хүүхэд хамгааллын үйлчилгээг сайжруулахад анхаарч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-02-22 16:26:53

Жаргалант, 2024 оны хоёрдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн хамтарсан багийн гишүүдэд зориулсан Хүүхэд хамгааллын чадавхжуулах сургалт өнөөдөр эхэллээ.


Ховд аймгийн нийт хүн амын 30 гаруй хувийг хүүхэд эзэлдэг.


Тус аймаг 2024 оныг "Хүүхдэд ээлтэй-Хүний хөгжлийг дэмжих жил" болгон зарлаж, олон талт ажлыг төлөвлөн хэрэгжүүлж байна.        


Өөрөөр хэлбэл, орон нутгийнхаа хүүхэд багачуудын эрүүл мэндийг хамгаалах, амин дэм, шим тэжээлийг нэмэгдүүлэх, хүүхдийг эрүүл өсөж хөгжих боломж нөхцөл бүрдүүлэх зорилгоор “Хүүхдийн сүү” хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон бөгөөд хүүхдийн тоглоомын талбайн тохижилтыг сайжруулах, сургуулийн орчин дахь аюулгүй байдлыг хангахад чиглэсэн ажил, томоохон бүтээн байгуулалтыг мэргэжлийн байгууллагууд үе шаттай өрнүүлэх юм. 


Энэ удаа мэргэжлийн байгууллагууд жендэрт суурилсан хүчирхийлэл, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээнд сэтгэцийн гэмтэлд суурилсан, хохирогч даван туулагчид ээлтэй үйлчилгээ үзүүлэх арга зүйг нэвтрүүлэхэд чиглэсэн сургалт зохион байгуулж байгаа нь онцлогтой. 


Ховд аймгийн Дарви, Жаргалант сум болон багуудын хамтарсан багийн гишүүд, хүүхэд хамгааллын мэргэжилтэн, зарим мэргэжлийн байгууллагын төлөөлөл, цагдаа, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, эмч нараас бүрдсэн 60 орчим хүн энэ удаагийн сургалтад оролцож, мэдлэгээ өргөжүүллээ.


Сургалтын үр дүнд гэр бүлийн хүчирхийлэл, бэлгийн хүчирхийллийн хохирогчид үзүүлэх тусламж үйлчилгээний чанар сайжирч, хүүхэд хамгааллын ажлууд эрчимжинэ гэж салбарын мэргэжилтнүүд үзэж байна.     


Хоёр өдрийн турш үргэлжлэх уг сургалтын ерөнхий зохион байгуулагчаар Хүүхдийг ивээх сан, Охидыг хүчирхийлэл мөлжлөгөөс хамгаалах нь төслийн баг, Ховд аймгийн ЗДТГ, Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газар хамтран ажиллав.    

Холбоотой мэдээ