ЗАВХАН: Археологийн үзмэрийг үзэх иргэдийн тоо нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-02-22 18:34:14

Улиастай, 2024 оны хоёрдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Орон нутгийг судлах музейн археологийн үзмэрийг үзэх иргэдийн тоо нэмэгдэж, өнөөдрийн байдлаар 1870 гаруй хүн энэ танхимаар үйлчлүүлжээ.

Өнгөрсөн жил тус аймгийн Орон нутгийг судлах музей анх удаа 100 гаруй үнэт үзмэр, эд өлгийн зүйлстэй археологийн танхимтай болсон.


Энэ танхимыг Алдархаан сумын Ямаан-Уснаас олдсон нийтийн тооллын өмнөх гуравдугаар зуунаас нийтийн тооллын нэгдүгээр зууны үеийн олдворууд дээр түшиглэн нээсэн юм.


Түүнчлэн Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Их хайрхан уулын агуйн цахираас олдсон олдворууд, Завханмандал сумын Таван лам уулын хадны оршуулгаас олдсон үнэлж баршгүй түүхэн үзмэрүүдтэй юм.


Өөрөөр хэлбэл Ямаан-Усны хүннүгийн язгууртны булшнаас олдсон 80 гаруй эд өлгийн зүйлс, мөн бусад газраас олдсон эд өлгийн зүйлс гээд нийт 100 гаруй үзмэртэй.


Зөвхөн энэхүү ховор үзмэрүүдийг үзэж сонирхох иргэдийн тоо нэмэгдсэн төдийгүй нийт үйлчилгээ авсан иргэдийн 60 гаруй хувь нь хүүхэд залуучууд байна.


Сүүлийн үед музейн ховор үзмэрүүд болон түүхийн талаарх судалгаа мэдээллийг хүүхэд залуучууд шимтэн, судалж байгаа нь бахархууштай юм. 


Ер нь музейн үзмэрийг үзэж сонирхож байгаа хүүхэд, залуучууд иргэдэд бид нэг бүрчлэн тайлбарлан таниулах, харилцан ярилцах үйлчилгээг үзүүлдэг нь музей үзэх сонирхлыг нь илүү татдаг байх. Түүхээ судлан, өв соёлоо нандигнаж, үүх түүхээ мэддэг байх нь чухал юм. Музей таныг цаг хугацаагаар аялуулдаг гайхамшигт үзэсгэлэнгийн ордон билээ. Бүх юм мөнх бус харин музей мөнх юм гэж Завхан аймгийн Орон нутгийг судлах музейгээс мэдээлэв.


Ташрамд, археологийн танхимын гол үзмэрүүд нь Хүннүгийн үеийнх аж.

2022 онд Завхан аймгийн Алдархаан сумын Ямаан-Усны Хүннүгийн язгууртны дурсгалт газарт хийсэн археологийн судалгааны үр дүнд Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор олдсон байна.


Монгол Улсын хэмжээнд Гол мод, Ноён уул, Дуурлиг нарс гэх мэт нийт 9 язгууртны дурсгалт газрыг нээн илрүүлээд байсан бол Ямаан-Усны дурсгал бүртгэгдсэнээр 10 дахь дурсгалт газарт албан ёсоор тооцогдож байна.  

Холбоотой мэдээ