ХОВД: Буянт сумын төвд амьдарч буй айл өрх, хүнсний ногооны зоорь усанд автах эрсдэл үүсжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДЖаргалант, 2024 оны хоёрдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Энэ жил Буянт сумын төв чиглэлд голын ус их хэмжээгээр тэлж, хачир гүйж, ойролцоох айлууд усанд автах эрсдэлтэй болоод байна.
Буянт сумын төв нь голоосоо 800 орчим метр зайд бий.
Сумын төвийн хойд хэсэгт буюу автозамын ойролцоо 3.5-3.8 метр өндөр ус урсаж хөлдсөн ба өнөөдрийн байдлаар 10 орчим айлын хашаанд ус оржээ.
Тус сумын төвд нийт 320 өрх амьдарч байна.
Үүнээс гадна Буянт сум бол төрөл бүрийн хүнсний ногоо, жимс тариалалтаараа аймагтаа тэргүүлдэг сумдын нэг юм. Тус сумын төвд одоогоор 120-130 орчим хүнсний ногоо хадгалах зоорь бий.
Голын ус их хэмжээгээр тэлж хөлдсөн, хачир гүйж байгаа нь сумын төв, айл өрх, хүнсний ногооны зоорь зэргийг усанд автуулах эрсдэл их болсон талаар Буянт сумын удирдлагууд хэллээ.
Сум орон нутгийн зүгээс мэргэжлийн байгууллага, иргэдийн оролцоотойгоор нэг сар гаруй хугацаанд айл өрхүүдийг усанд автах эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг үе шаттай зохион байгуулж байна.
Тухайлбал, усны хэмжээг багасгах зорилгоор тус сумын "Хөх булан", "Дөрвийн газар" гэх мэт тодорхой цэгт цооног гаргаж, тэсэлгээ хийж, голын усыг боох, үерийн даланг өндөрлөх, хамгаалалт хийх зэргээр ажиллажээ.
Гэвч цаашид цаг агаар дулаарч, голын ус их хэмжээгээр тэлж, хачир гүйх нь нэмэгдсэн тохиолдолд эрсдэл их үүсэхээр байна.