ДУНДГОВЬ: “Уяхан замбуу тивийн наран дор” ном бүтээв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-02-23 17:31:28
altantogos

Мандалговь, 2024 оны хоёрдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театраас соёл урлагийн байгууллагуудын 80 жилийн түүхийг эмхэтгэн “Уяхан замбуу тивийн наран дор” ном бүтээж, соёл урлагийг хөгжүүлэн, дуу хуур, өв соёлыг тээж, өнөө цагт түүчээлсэн үе үеийн удирдагч, авьяастнуудын түүхэн замналыг толилуулжээ.  


Номыг Монгол Улсын СТА О.Гончигсүрэн, СТА А.Давааням нар эмхэтгэж, ТХДЖТ-ын дарга, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Доржсүрэн зөвлөхөөр ажилласан байна. Энэхүү бүтээл нь тус аймаг дахь Соёл, урлагийн байгууллагуудын 10 жилийн түүхийг нэмж гаргасан хоёр дахь хэвлэл гэдгээрээ онцлогтой.


Энэхүү номоос тус аймагт улаан гэрээс мандсан халхын дуулал буюу улаан гэр, клубээс Төв халхын дуулалт жүжгийн театр болон хөгжсөн урлагийн түүх, киноны салбар, номын сан, номын худалдаа, урчуудын салбар, музей, гэрэл зургийн салбар үүссэн түүх, байгалийн үзэсгэлэнт газар Их газрын чулууны уулан дахь “Уяхан замбуу тивийн наран” цогцолбор, байгалийн задгай театр, үеийн үед тайзнаа амилсан уран бүтээл, Дуу хуур, өв соёлын өлгий болсон Дундговь аймгийн театрын тайзнаас төрөн гарсан алдартнууд, авьяастнуудын тухай тольдох боломжтой.


1942 онд Дундговь аймаг байгуулагдахад Соёл урлагийн байгууллага арван ханатай гэрт анхны галаа асааж, “Улаан гэр”-ийн анхны эрхлэгчээр боржгин уртын дууны нэрт төлөөлөгч П.Ширчинжунай, анхны найруулагчаар Улсын төв театрын жүжигчин М.Бадамгарав нар ажиллаж байжээ.


1950 оны 11 дүгээр сард “Улаан гэр” клуб болон өргөжин, 225 хүний суудалтай 50 хүний лож бүхий шинэ барилга хүлээн авч, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд 1958 онд Соёлын ордон, 1989 онд Хөгжимт драмын театр, 1998 онд Театр киноны хүрээлэн болж, 2006 оноос Төв халхын дуулалт жүжгийн театр болон хөгжжээ.


Энэхүү театрын алтан тайзнаас уртын дуу судлаач, уртын дууч, багш, хөгжмийн зохиолч Д.Бальдир, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт, зууны манлай уртын дуучин Н.Норовбанзад, Монгол Улсын Ардын жүжигчин Н.Дагийранз, Гавьяат жүжигчин Э.Цээдорж, Гавьяат жүжигчин, туульч, ерөөлч, магтаалч Х.Цэрэнчимэд, Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Эрдэнэчулуун, Гавьяат жүжигчин, уртын дууч Ж.Дүнжмаа нарын алдартнууд төрөн гарсан байна.


Дундговь аймгийн урлагийн тайзнаа 80 жилийн түүхэнд 350 орчим уран бүтээл амилан үзэгч олондоо хүрчээ. 

Холбоотой мэдээ