Хөгжлийн банк мэдэгдэл гаргажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2015-10-07 16:20:29

Хөгжлийн банкнаас “Өглөөний сонин”-д гарсан ““Чингис”, “Самурай” бондын мөнгөөр гараа угаасан хүмүүс тодорч эхэллээ”  нийтлэл гарсантай холбогдуулан мэдэгдэл гаргав.

Уг мэдэгдэлд, "Монгол Улсын хөгжлийн бодлогод нийцүүлэн хөгжүүлэх, нэмүү өртөг шингээсэн экспортыг дэмжих болон эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилгоор 2011 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Монгол Улсын Хөгжлийн банк албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Монгол Улсын Хөгжлийн банк нь эдийн засгийн голлох салбаруудын төсөл хөтөлбөрүүдийг бондын хөрөнгөөр санхүүжүүлэн ажиллаж байна.

2015 оны 1 дүгээр сараас Шилэн дансны хууль хэрэгжиж эхэлснээр Монгол Улсын Хөгжлийн банк нь өөрийн шилэн дансны хуудсаараа дамжуулан бондын зарцуулалтын тайланг улирал бүр шинэчлэн олон нийтэд нээлттэй байдлаар мэдээлж байна. Түүнчлэн 2015 оны нэгдүгээр улиралд Үндэсний Аудитын газраас Монгол Улсын Хөгжлийн банкны үйл ажиллагаа, бондын зарцуулалтад хөндлөнгийн аудит хийсэн бөгөөд аудитын тайланг 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр УИХ-ын албан ёсны цахим хуудас www.paliament.mn-нд олон нийтэд ил тод байдлаар байршуулсан. Гэтэл “Өглөөний сонин” болон хэвлэл мэдээллийн зарим хэрэгслүүдээр бондын зарцуулалт ил тод бус, төслүүдийн үйл явц тодорхойгүй гэх мэт буруу ташаа мэдээллийг олон нийтэд мэдээлж нийгмийг төөрөгдүүлж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-д “..... гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцож үл болно ...” гэж заасан байдаг. Гэвч “Өглөөний сонин” нь баримт, нотолгоогүйгээр Монгол Улсын иргэний Үндсэн хуулиар олгогдсон баталгаат үндсэн эрх, эрх чөлөөнд ноцтой халдсан үйлдэл боллоо. Түүнчлэн Монгол Улсын Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь заалтыг зөрчиж, иргэний гэрэл зургийг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр нийтэлснээс гадна байгууллагын нэр төрд ноцтойгоор халдсан үйлдэл боллоо. Монгол Улсын Хөгжлийн банкны нэр хүндэд учруулсан хохирлыг тухайн мэдээлэл цацсан байгууллагаас нэхэмжлэхээс гадна холбогдох хуулийн дагуу эрх бүхий байгууллагаар шалгуулах болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна" гэжээ.

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд