Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах төслийг баталлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-02-29 09:23:13

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. НИТХ-ын ээлжит бус XVII хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлэг болж, Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах төслийг баталлаа.


Монгол Улсын Засгийн газрын тогтоол гарч, Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метрог барьж байгуулах, гүйцэтгэгч, менежментийн зөвлөх үйлчилгээг үзүүлэх ажлын холбогдох тооцоо судалгаа, үнэлгээг хийж Нийслэлийн 2024 оны төсөвт тусгахаар болсон. Энэ хүрээнд метроны төслийг санхүүжүүлэх, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, тохижилт гэсэн гурван чиглэлээр 2024 оны төсөвт тодотгол хийсэн юм.


Нийслэлийн 2024 оны төсвийг тодотгохдоо нийт орлогыг 1.12 их наяд төгрөг байхаар батлав. Үүнээс татварын орлого 873.1 тэрбум, татварын бус орлого 230.3 тэрбум төгрөг байна. Түүнчлэн нийслэлийн хөрөнгийн зардлын дээд хэмжээг 1.6 их наяд төгрөг байхаар баталсан бол үүний 1.3 их наядыг нь хөрөнгө оруулалтын төсөл байх юм. Баталсан төсөвт орж буй өөрчлөлтийн хувьд Нийслэлийн 2023 оны төсвийн орлогын давалт 276.6 тэрбум, мөнгөн хөрөнгийн үлдэгдэл 21.4 тэрбум, нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн дансны үлдэгдэл 4.2 тэрбум төгрөгийг нийслэлийн 2024 оны төсвийн жилд нэмж зарцуулахаар болжээ.


Ийнхүү НИТХ дахь намын бүлгүүд болон хороодын саналыг тусган, Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах төслийг баталлаа.



Холбоотой мэдээ