“Оюутан цэрэг” хөтөлбөрийн цахим бүртгэл эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-03-01 11:20:38

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. “Оюутан цэрэг” хөтөлбөрт бүртгүүлэх хүсэлтийг өнөөдрөөс авч эхэллээ.


Бүртгэл 10 хоног үргэлжлэх бөгөөд энэ сарын 11-ний 17:00 цаг хүртэл үргэлжлэх юм байна. Хүсэлтийг гар утасны E-Mongolia аппликэйшн, www.e-mongolia.mn болон Төрийн үйлчилгээний “Хурдан” төвийн оператораар дамжуулан илгээх боломжтой. Их, дээд сургуульд суралцагсад “Оюутан цэрэг” хөтөлбөрт бүртгүүлэхдээ Улаанбаатар хот болон орон нутаг дахь магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын нэгдүгээр дамжааны оюутан байх, сурлагын голч дүн 2.8-аас дээш байх, 2024 оны зургаадугаар сарын 15-ны өдрөөс өмнө 18 хүрэх насных байх, эрүүл мэндийн даатгал төлсөн байх шаардлагыг биелүүлэх ёстой юм байна.


Өмнөх жилүүдэд зөвхөн нийслэл дэх оюутнуудыг цахимаар бүртгэдэг байсан бол энэ удаад орон нутагт үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургуулиудын бакалаврын түвшний оюутнуудыг цахимаар бүртгэхээр болсон байна.


Харин коллеж болон МСҮТ-үүдэд суралцагчид заавал аймаг, дүүргийнхээ Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабт очиж бүртгүүлнэ. Шаардлага хангаж, бүртгэгдсэн оюутнуудыг эрүүл мэнд, биеийн тамирын шалгаруулалтад оруулна.


Улмаар шалгаруулалтад тэнцсэн оюутнууд онолын бэлтгэл сургалтад хамрагдаж, нийтдээ 98 цагийн буюу дөрвөн кредит бүхий хууль эрх зүй, цэргийн тактик, тусгай бэлтгэл гэсэн хичээл судлах ажээ. Хичээл бүрийн шалгалтад 60-аас дээш оноо авсан оюутнууд эрүүл мэндийн хяналтын үзлэгт хамрагдсанаар зургаадугаар сарын 15-наас хээрийн сургалтын бэлтгэлд гарах юм байна. 

Холбоотой мэдээ