Монголын анхны хувийн хиймэл дагуулыг хөөргөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-03-04 16:25:22

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Манай улс сансрын анхны хувийн хиймэл дагуулыг маргааш хөөргөх гэж байна.


Анхны хувийн гэдэг нь үүний өмнө Монгол Улс “Мазаалай” нэртэй хиймэл дагуул бүтээн хөөргөсөн бол энэ удаа “ONDO” группийн “ONDO SPACE” компанийн залуучууд Монголын анхны хувийн, арилжааны хиймэл дагуулыг бүтээснээ гуравдугаар сарын 5-ны өглөөний 05.04 цагт  АНУ-ын Калифорни мужаас "Space X" компанийн сансрын хөлгийн тусламжтайгаар дэлхийн тойрог замд хөөргөнө. Энэ үйл явдлыг шууд дамжуулах аж.

ONDO SPACE” компанийн бүтээсэн хиймэл дагуулыг Япон улсын “Кюүшү технологийн дээд сургуулийн тусгайлсан лабораторид угсарч бэлэн болгожээ.


Өдгөө дэлхий олон улс орон сансрын уудам орон зайг ашиглан бизнес-эдийн засгийн нэгэн шинэ салбарыг эхлүүлээд байна. Монгол Улс, Монголын залуучууд үүнээс хоцролгүй өөрийн хиймэл дагуулыг бүтээн хөөргөж буйг “ONDO” группийн гүйцэтгэх захирал Б.Мандуул хэллээ. Ингэхдээ сансрын хамгийн сүүлийн үеийн технологийг ашиглан нэвтрүүлж буйг онцоллоо.


“Мазаалай” хиймэл дагуулыг бүтээхэд оролцсон Монголын эрдэмтэн мэргэжилтнүүд “ONDO SPACE” компанийн сансрын аппаратыг бүтээж хөөргөхөд мөн оролцож буйг тэрбээр мэдээллээ. 


ONDO SPACE” компанийн бүтээсэн ONDOSAT OWL-1, OWL-2 хиймэл дагуулыг Япон улсын “Кюүшү технологийн дээд сургуулийн тусгайлсан лабораторид угсарч байгаа нь. 


Дээрх хоёр хиймэл дагуул нь бага оврын боловч орчин үеийн шинэ технологиор бүтээснээрээ онцлог.  Монгол Улсын нутаг дэвсгэрээр маргааш дамжин хөөрөх үед газар зүйн болон бусад салбарын холбогдох олон бичлэгийг эх орондоо илгээх юм. 



"ONDO" гурпп "Space X" компанитай хамтран "Owl-1", "Owl-2" хиймэл дагуулуудаа дэлхийн нам орбитод гаргаж цаашид нийт 170 гаруй ширхэг “Cube sat” төрлийн хиймэл дагуул хөөргөх төлөвлөгөөтэй байна.

"Owl 1, 2" хиймэл дагуулууд нь утасны сүлжээ дамжуулах зориулалттай хиймэл дагуул биш бөгөөд M2M буюу машин хоорондын харилцаа, юмсын интернэт зэрэг технологийн салбарт дэвшил гаргахад чиглэж буйг “ONDO SPACE” компанийн технологи хариуцсан захирал Д.Амартүвшин хэлсэн юм. 



Холбоотой мэдээ