АНУ зудад хамгийн хүнд нэрвэгдсэн 2700 өрхөд тусламж үзүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзав.
Монгол орны нийт нутаг дэвсгэрт хаваржилт хүндэрч байгаа тул Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газар зудын гамшигтай тэмцэж буй малчдад туслах аянд нэгдээд байгаа. Улмаар АНУ-ын Засгийн газар 700 мянган ам.долларын нэмэлт тусламж олгохоор шийдвэрлэснийг Элчин сайд Ричард Буанган Ерөнхий сайдад танилцууллаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID)-ийн шугамаар Монголын улаан загалмай нийгэмлэгээр дамжуулан 200 мянган ам.доллар, мөн “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагаар дамжуулан 700 мянган ам.долларын тусламж үзүүлж байгаа АНУ-ын Засгийн газарт Монголын төр, засаг, ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.
АНУ-аас олгож буй тусламж нь Архангай, Баян-Өлгий, Дорноговь, Дорнод, Завхан, Сүхбаатар, Төв, Увс, Ховд аймгийн зудад хамгийн хүнд нэрвэгдсэн 2700 малчин өрхөд малын тэжээл, эм, мал эмнэлгийн хэрэгсэл, мөнгөн тусламж хэлбэрээр хүрэх юм.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй өнгөрсөн оны наймдугаар сард АНУ-д хийсэн албан ёсны айлчлалын дараа ийнхүү уулзаж байгаадаа Элчин сайд Ричард Буанган баяртай байгаагаа тэмдэглээд, Ерөнхий сайдын айлчлалын мөрөөр хэрэгжүүлэх ажлууд эхнээсээ биелж, цаашид ч эрчимжүүлэхэд онцгой анхаарч ажиллахаа илэрхийлэв.
Уулзалтын үеэр талууд хоёр улсын Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийг улам бататган бэхжүүлэх, харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагаагаар баяжуулахын төлөө байгаагаа харилцан нотлов. Мөн хоёр тал Монгол Улс, АНУ-ын хооронд шууд нислэгтэй болох асуудалд чухал ач холбогдол өгч байгаа бөгөөд үүнийг энэ онд багтаан эхлүүлэхэд анхаарч ажиллахаар тогтлоо.