ДУНДГОВЬ: Төрийн албаны ерөнхий шалгалтад 4 хүн тэнцлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-03-14 09:18:01
altantogos

Мандалговь, 2024 оны гуравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Төрийн албаны ерөнхий шалгалтыг Дундговь аймагт 3 дугаар сарын 13-нд хоёр ээлжээр зохион байгууллаа.


Төрийн албаны тухай хуульд төрийн албан хаагчдын нөөц бүрдүүлэх ерөнхий шалгалтыг улиралд 1 удаа буюу жилд 4 удаа зохион байгуулахаар хуульчилсан.


2024 оны эхний улирлын шалгалтад орохоор 38 иргэн бүртгүүлснээс 31 иргэн шалгуулж, урьдчилсан байдлаар 4 шалгуулагч тэнцэж, төрийн албаны нөөцөд бүртгүүлэх боломжтой болжээ. Энэ удаагийн шалгалтад Сайнцагаан сумын харьяат Бямбаагийн Отгонзул 100 оноогоор тэнцсэн байна. Тэрбээр 2023 онд ШУТИС-ийг төгссөн бөгөөд нэг сарын хугацаанд бие дааж аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Ж.Өлзийжаргалын сургалтад онлайнаар оролцож хичээллэжээ.



Б.Отгонзул хэлэхдээ, “Анх удаа төрийн албаны ерөнхий шалгалтыг өгсөн. Дүн шинжилгээ хийх чадвар буюу сэтгэхүйн чадамжийн асуултуудаа их сайн бэлтгэх хэрэгтэй юм байна” гэлээ.


Шалгалтыг Төрийн албаны зөвлөлөөс бэлтгэсэн 2024 оны “Төрийн албаны ерөнхий шалгалтын сорил, даалгавар” цахим номын агуулгын хүрээнд ерөнхий мэдлэг, монгол хэл бичгийн чадвар, дүн шинжилгээ хийх чадварыг сорьж, шалгалтын үйл явцыг нээлттэйгээр шууд дамжуулан, танхимын гадна дэлгэцээр ажиглаж, хянах боломж бүрдүүлжээ.




Холбоотой мэдээ