ТӨВ: “Гэр” төслийн хүрээнд 572 өрх гэртэй болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-03-16 12:52:29

Зуунмод, 2024 оны гуравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Төв аймгийн 27 сумын 60 өрх “Гэр” төслийн хүрээнд таван ханатай гэртэй болж өнөөдөр хүлээн авав. “Гэр” төслийг найман жилийн хугацаанд хэрэгжүүлж, 27 сумын 97 багийн 572 өрх гэртэй болсон байна. 



Энэ төсөл нь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан ажил бөгөөд иргэдийнхээ ая тухтай амьдралыг тэтгэж, гэр бүлээрээ халуун дулаан уур амьсгал дунд аз жаргалтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой юм.

Өнөөдөр гэр хүлээн авсан Зуунмод сумын 5 дугаар багийн иргэнээс тодруулахад, “Залуу гэр бүлүүдийн нэг байна. Эхнэртэйгээ ханилаад 4 жил болж байгаа бөгөөд гэргий маань бие давхар болсон. Байрны урьдчилгаа төлбөр бэлдэж байсан боловч түрээсийн байранд амьдардаг байсан учраас хүрэлцэхгүй байлаа. Иймд түрээсийн байрнаас татгалзахаар шийдээд газар авч хашаа барьсан. Багийнхаа засаг даргад гэр хүссэн өргөдөл өгсөн байсныг шуурхай шийдэж өгсөнд талархаж байна. Бас шинэ хүнээ өөрсдийн гэртээ угтаж авахаар болсондоо баяртай байна” гэв. 



Холбоотой мэдээ