Борооны ус их тогтдог замуудын шугам хоолойг шинэчилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-03-16 09:29:23

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар шар усны үер буух эрсдэлтэй, ус их тогтдог байршлуудад очиж, нөхцөл байдалтай танилцлаа.


Тодруулбал, Баянзүрх дүүргийн Дарь-Эхийн зам дагуу их ус тогтож, хүндрэлтэй байдал үүсээд байгаа. Тухайн зам дагуух борооны ус зайлуулах хоолой ачааллаа дийлэхгүй байгаа бөгөөд замын хоёр талд усны хаялга хийснээр шар ус, борооны усыг Сэлбэ гол руу дамжуулан цутгах боломжтой. Тус дүүрэгт 23 байршилд их, бага хэмжээгээр ус тогтдогоос гадна “Да хүрээ” зах орчим дахь Б.Доржийн гудамжинд усны хаялга хийлгүй авто зам тавьжээ. Мөн Зүүн 4 замын уулзвараас “Зүүн хүрээ” хотхон хүртэлх замд борооны ус ихээр тогтдог тул төв замын ус зайлуулах хоолойн түвшнийг намсгах хэрэгтэй байгаа аж.


Хотын дарга Х.Нямбаатар “Эдгээр авто зам, шугам сүлжээний зураг төслийг гүйцэтгэсэн аж ахуйн нэгжийг хуулийн байгууллагад шалгуулж, учирсан хохиролд үнэлгээ хийн нэхэмжлэх хэрэгтэй. Хуулийн байгууллагын шийдвэрийг хүлээвэл удах тул эхний ээлжид Дарь-Эх, Б.Доржийн гудамжны замын шугам хоолойг шинэчилж, усны хаялга хийнэ. Өнгөрсөн оны наймдугаар сард уруйн үер болсон Баянзүрх дүүргийн 27, 29 дүгээр хорооны үерийн байгууламжийг энэ онд сайжруулан хүчитгэнэ. Мэргэжлийн байгууллагууд зам дагуух борооны ус зайлуулах шугам сүлжээг шинэчлэхэд 100 тэрбум гаруй төгрөг шаардлагатай гэж тооцсон. Нийслэл энэ онд тодорхой төсөв гаргаж ажлын зураг төсөл нь бэлэн болсон шаардлагатай, томоохон гудамж, зам талбайн ус зайлуулах шугам сүлжээг шинэчилнэ. НОК-оос үерийн эрсдэлтэй байршлуудад гамшгийн шар түвшин тогтоосон тул ирэх саруудад үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлж, арга хэмжээ авна” хэмээснийг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ.


Түүнчлэн Баянгол дүүргийн Төмөр замын төв вокзалын хойд уулзварын замын ус зайлуулах шугам хүчин чадлаа дийлэхгүй байгаа тул тухайн хэсэгт их хэмжээний борооны ус тогтдог. Иймд Улаанбаатар төмөр замтай зөвшилцөн зураг төслийг яаралтай нарийвчлан гаргаж, төсвийг нь шийдэн, магистрал шугам төлөвлөж, Нарны гүүрний шугамд холбохоор болсон байна.


Геодези, усны барилга, байгууламжийн газар ус их тогтдог 25 байршлын шугам хоолойг өнгөрсөн гурван жилд засварлан шинэчилж, ус тогтохооргүй болгожээ.

Холбоотой мэдээ