Б.Уянга: Хайгуулаар усны нөөц, газар хөдлөх төлөвийн мэдээллийг авч болдог

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2024-03-19 13:40:06

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Монгол дахь Америкийн Худалдааны танхим (АмЧам) гуравдугаар сарын ээлжит хурлаа “Уршиггүй уул уурхайн салбар” сэдвээр өнөөдөр “Шангри-Ла” зочид буудалд зохион байгууллаа.

Уулзалтаар Ашигт малтмалын тухай хуулийн төсөл, дараагийн Оюутолгой шиг уул уурхайн томоохон төсөл юу байх, хүлээгдэж буй ураны хөрөнгө оруулалтын гэрээ, газрын ховор элементийн хайгуулын явц зэрэг олон асуудлыг хэлэлцэв.


УУХҮ-ийн дэд сайд Б.Уянга, “Уул уурхайн салбарт хайгуул хийх нь чухал үүрэгтэй байдаг. Хайгуул хийж байж монголчууд бид уул уурхайн дараа дараагийн орд хаана байгааг мэдэх, гадаад дотоодын хөрөнгө орох боломжтой. Хайгуулыг эрсдэлээ дааж, хариуцах үүднээс хувийн хэвшлийн компаниуд хийдэг. Жишээ нь, 100 гаруй хайгуулын тусгай зөвшөөрөл дээр ашиглалтын нэг л зөвшөөрөл олгогддог эрсдэлтэй.

Энэ нь Монгол Улс ашигт малтмалын хэтийн төлөв сайтай учир ингэж гарч байгаа статистик. Бусад улс оронд хайгуулын 1000 зөвшөөрөл олгогдож байж ашиглалтын нэг зөвшөөрөл буюу нэг л орд олдог судалгаа бий. Хайгуулын ажлыг манайд олборлож байна гэж ойлгоод байдаг. Хайгуул бүр орд болдоггүй.


Хайгуулын дүнд хүн амын ундны уснаас аваад усны нөөц, цаашлаад газар хөдлөлтийн урьдчилсан төлөв зэрэг зөвхөн уул уурхай гэлтгүй олон мэдээллийг авч болдог, нийгэм-эдийн засаг шинжтэй үйл ажиллагаа юм” гэдгийг тодотгов.


Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 76.5 хувь нь тусгай хэрэгцээнд орсон, хамгаалалтад байдаг учир хайгуул хийх боломжгүй байдаг.


Тэрбээр, манай улсад ашиглалтын тусгай зөвшөөрлийн тоо их харагддаг боловч яг олборлож буй орд маш цөөн, динамик нь алдагдсан. Тиймээс Монгол Улсын эдийн засагт уул уурхайн салбар тэргүүлж, цааш цаашид ордуудтай байж металл олборлож байж гэмээн дэлхийд үүсэж буй эрдэс баялгийн эрэлт хэрэгцээг хангана гэж үзвэл бид өөрсдийн хүчин чадлаа бүрэн ашиглах, төр, засгаас аваад оролцогч талуудын дэмжлэг хэрэгтэй байна гэв.


Ашигт малтмалын хуулийн өөрчлөлт дээр энэ талын зохицуулалтыг буюу хориг, хязгаарлалттай холбоотой зүйл заалтыг зохицуулахаар оруулж байгаа, одоо Засгийн газарт танилцуулж байгааг дуулгав. 

Холбоотой мэдээ