Ардын уран зохиолч Ш.Сүрэнжавын түүвэр шүлгийн номын нээлт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2024-03-19 14:35:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн яруу найргийн өдөр 3 дугаар сарын 21-ний өдөр тохионо. Эл өдрийг тохиолдуулан Шаравын Сүрэнжав сангаас Монгол Улсын Төрийн шагналт, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжавын түүвэр шүлгийн “Нар шингэдэггүй юм” номыг нээнэ.


Монгол арт галерейд болох номын нээлтийн үеэр их найрагчийн төрсөн дүү, түүхэн зургийн их мастер, Монгол Улсын Төрийн шагналт зураач Батцэндийн Пүрэвсүхийн шилмэл бүтээлүүдийг олон нийтэд танилцуулах юм.  


Шаравын Сүрэнжав 1939 онд Төв аймгийн Авдарбаян сумын нутагт төрсөн. 1947-1952 онд сумынхаа бага сургууль, 1953-1954 онд нийслэлийн 3 дугаар дунд сургууль, 1954-1958 онд Налайх дүүргийн 9 дүгээр дунд сургууль, 1958-1963 онд МУИС-ийн Монгол хэл, уран зохиолын анги, 1979-1981 онд М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн дээд курсийг төгсжээ.

Тэрбээр 1967 онд ЗХУ-ын телевизэд дадлагажиж ирээд 1979 он хүртэл Монголын радио, телевизэд сурвалжлагч, утга зохиолын ажилтнаар, мөн МЗЭ-д мэргэжлийн зохиолч, Дуурийн театрт утга зохиолын эрхлэгч, 1990 оноос МҮЧЗХ-ны тэргүүн, тэргүүлэгч, хүндэт ерөнхийлөгч, АИХ-ын депутат, Ерөнхийлөгчийн зөвлөх, Монгол-Солонгосын Найрамдлын нийгэмлэгийн тэргүүнээр тус тус ажиллаж байв.


Түүний “Шөнө ургасан цэцэг”, “Цэргүүд дуулж байна”, “Миний дуулах ертөнц”, “Уулын салхи”, “Ялалт”, “Нутгийн цэнхэр уулс”, “Шүүгээн доторх хот”, “Дуулганд ургасан цэцэг”, “Хөх тэнгэрийн хур”, “Онгодын цагаан хүлэг” яруу найргийн номууд, “Хэрлэнгийн барьяа” роман, “Сарны доорх хорвоо”, “Долгионт жилүүдийн туужис” зохиолууд, “Гарьд магнай” /1983/, “Тод магнай” /1990/, “Цэц магнай” /1995/, “Тусгаар тогтнол аминаас үнэтэй” /2012/ уран сайхны кино зохиолууд, “Сэрүүн дэнжийн өглөө” жүжиг, “Гоож-Нан-аа” дуулалт жүжиг, “Арав дахь хавраа үдье”, “Намуун үдэш”, “Миний нутгийн бараа”, “Миний ардын сэтгэл цагаан”, “Итгэлийн дуу”, “Торгон хилийн зүг”, “Сувилагч чамдаа баярлалаа”, “Бүсгүйчүүл”, “Тольтой мөнгөн эмээл”, “Онцгой төрсөн бүсгүй”, “Малчин ааваа магтан дуулъя”, “Хэрвээ би эр хүн бол доо...”, “Миний ном”, “Сайн уу, муу юу, аль нь вэ хө?” дуунууд зэрэг бүтээл нь олон түмэнд танигдсан билээ.


“Нутгийн цэнхэр уулс” номоороо МЗЭ-ийн шагнал /1972/, “Ерэн баатрын дууль”, “Багш” найраглалаараа БНМАУ-ын Төрийн шагнал /1988/, Монгол Улсын Ардын уран зохиолч цол /1999/, Донровын Намдагийн нэрэмжит шагнал /2001/-ыг тус тус хүртэж байв.


Монголын яруу найргийн ертөнцөд өөрийн гэсэн бүтээл туурвил, нэр алдраа дуурсгасан Монгол Улсын Төрийн шагналт, Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжавын үйл хэрэг, уран бүтээлийг залуу үед таниулах зорилгоор Шаравын Сүрэнжав санг 2022 онд байгуулжээ. 


Холбоотой мэдээ