Дэлхийн ойн өдөр тохиож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Дэлхийн ойн өдөр тохиож байна.
Манай улс 2015 оноос энэ өдөр ойн олон талын ач холбогдлыг олон нийт, нийгэмд ойлгуулан, сурталчлан таниулж байна. Энэ жил тус өдрийг “Ой ба инновац: Илүү сайхан дэлхийн төлөөх шинэлэг шийдлүүд” уриан дор тэмдэглэж байна.
Дэлхийн хуурай газрын 31 хувийг эзэлдэг ойн санг хамгаалах, байгаль экологийн тэнцвэрийг хадгалах зорилгоор 2012 онд НҮБ-аас жил бүрийн гуравдугаар сарын 21-ний өдрийг Дэлхийн ойн өдөр хэмээн тэмдэглэхээр шийджээ.
Улаанбаатар хот 470,444 га нутаг дэвсгэртэй. Үүний дөрөвний нэг буюу 116,257 га
талбайг ойн сан газар, 17,543 га буюу 15.56 хувийг ойгоор бүрхэгдээгүй талбай
эзэлдэг. Ойн санг нэмэх зорилгоор жил бүр улс, нийслэлийн төсвөөр ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн арга хэмжээг хэрэгжүүлдэг.
Нийслэлийн ойн санг түймрээс хамгаалах, ойн түймэр тархах нөхцөлийг бууруулахаар 1960-2003 онд 24.5 км урттай 11 зурвас байгуулжээ.
Мөн 2019 оноос нийслэлийн түймрээс хамгаалах дөрвөн халз зурвасыг сэргээгээд байна.
Түүнчлэн Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний
хөдөлгөөний хүрээнд 2021-2023 онд 2,218,658 ширхэг мод, бутыг төвлөрсөн найман
байршил, алслагдсан
дүүргүүдэд тариад байгаа юм.
Улаанбаатар хотын ногоон бүс төдийгүй Монгол орны ойн санд
хөнөөлт шавжийн голомт их байна.
Нийслэлийн нутаг дэвсгэрт дөрвөн төрөл зүйл буюу шинэсний урч ялаа, Сибирийн хүр эрвээхэй, якобсоны төөлүүрч эрвээхэй, шинэсний шилмүүс хуйлагч эрвээхэй бүртгэгдээд буй.
Улаанбаатар хотын ойн
сангийн 23,862 га талбайд дээрх хөнөөлт шавжууд тохиолдож байгаагаас тэмцлийн
ажил гүйцэтгэх шаардлагатай, голомтолсон 12,756 га талбай байна. Үүнтэй
холбоотой 2024 онд нийслэлийн ногоон бүсийн 10,764 га талбайд хортон шавжтай тэмцэхээр төлөвлөөд байна.
Мөн Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн экологийн боловсролыг дээшлүүлэх, хамт олны бүтээлч хандлагыг нэмэх, төлөвшүүлэх, хамтран ажиллах боломжийг бүрдүүлэхээр "Байгаль орчинд ээлтэй байгууллага “ болзолт уралдааныг энэ сарын 11-нээс дөрөвдүгээр сарын 21-ний хооронд зарлаад байгааг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ.