Д.Чернышенко: Цэргийн тусгай ажиллагааг буруушаахыг шаардахгүй бол Оросын тамирчид Олимпод оролцох нь зүйтэй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
МОСКВА, 2024 оны гуравдугаар
сарын 22 /РИА Новости/. Хэрвээ олон
улсын спортын холбоодын зүгээс цэргийн тусгай ажиллагааг буруушаасан мэдүүлэгт гарын үсэг зурахыг тамирчдаас
шаардахгүй бол Оросын тамирчид Парисын Олимпын тоглолтод оролцох нь зүйтэй гэж
ОХУ-ын засгийн газрын шадар сайд Дмитрий Чернышенко үзэж байна.
Олон улсын Олимпын хороо /ОУОХ/ өнгөрсөн оны 12 дугаар сарын 8-нд гаргасан мэдэгдэлдээ, зарим шаардлагыг хангасан тохиолдолд Парисын Олимпын наадамд Орос, Беларусийн тамирчдыг бие даасан статустайгаар оролцохыг зөвшөөрсөн билээ. Түүнчлэн өнгөрсөн мягмар гарагт ОУОХ-ны Гүйцэтгэх хороо мэдэгдэхдээ, цэргийн тусгай ажиллагааг буруутгасан нэмэлт мэдүүлэгт гарын үсэг зурахыг Оросын тамирчдаас шаардахгүй гэсэн байна. Үүний сацуу Олимпын наадмын нээлтэд Оросын тамирчдыг оролцуулахгүй, медалийн хүснэгтэд тэдний амжилтыг тэмдэглэхгүй гэдгийг сануулжээ.
“Хэрвээ цэргийн тусгай ажиллагааг
буруушаах, эх орныхоо харьяаллаас татгалзах гэх мэт шаардлагуудыг тавихгүй гэдгээ ОУОХ албан
ёсоор баталгаажуулах аваас тамирчид маань Олимпод оролцоход эрхзүйн саад
тотгор учрахгүй” гэж шадар сайд тэмдэглэн хэллээ.
“Оросын тамирчид Олимпод
оролцохын аргагүй нөхцөл байдлыг ОУОХ бий болголоо. Одоогоор цөөхөн хэдэн
спортын төрөлд оролцох боломж үлдсэн. Гэхдээ энэ асуудлыг олон улсын спортын
холбоод ба Оросын Олимпын хороо хамтран шийдэх учиртай. Хэрвээ оролцох боломж
байвал оролцох нь зүйтэй” гэж үзэж байгаагаа Чернышенко илэрхийлэв.
Өмнө нь ОУОХ мэдэгдсэнээр, Оросын
36 тамирчин Парис-2024 наадамд оролцох бөгөөд энэ тоо 55 болж өсөж магадгүй
ажээ.